Францын кино урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг болох жүжигчин Гаспар Ульель цанын бааз дээр тохиолдсон золгүй явдлын улмаас таалал төгслөө. Тэрээр Францын зүүн хэсэгт байрлах Савойя бүс нутгийн Альпын нуруун дээр цанаар гулгаж байсан бөгөөд өөр нэг хүнтэй мөргөлдөж толгойдоо хүнд гэмтэл аван нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн ч бэртлээ даван гарч чадаагүй байна. Уран бүтээлч маань дөнгөж 37 настай байсан билээ.
Түүний жүжигчний карьер 1999 онд буюу 15 насанд нь эхэлж, улмаар гуравхан жилийн дараа Францын нэр хүндтэй ёслолуудын нэг болох Сезар кино наадамд нэр дэвшиж байсан. Харин тус наадмын шилдэг жүжигчин шагналыг 2016 оны “It’s Only the End of the World” бүтээлээрээ хүртэж байв. Гаспар нь триллер төрлийн “Hannibal Rising”, дайны, романтик “A Very Long Engagement” зэрэг төрөл бүрийн жанрын кинонд чадварлагаар тоглосон. Загварт сонирхолтой бидний хувьд түүнийг “Saint Laurent” киногоор нь андахгүй. Мөн Гаспард удахгүй нээлтээ хийх Marvel-ын “Moon Knight” цувралд дүр бүтээсэн билээ.
“Hannibal Rising”
Гаспар Ульелийн нэр дэлхийд гарсан нь тус бүтээлээс эхтэй. “Hannibal Rising” нь цуврал алуурчин Ганнибал Лекторын залуу нас болон хүн хороох анхны сэдлүүдийнх нь талаар өгүүлдэг. Гаспарын хэлснээр Ганнибал Лекторын дүр түүнд оногдсон хамгийн хэцүү дүрүүдийн нэг байсан бөгөөд “Хүн бүр Ганнибал Лекторын дүрийг домогт жүжигчин Энтони Хопкинсоор төсөөлдөг. Түүний дараа энэхүү дүр дээр ажиллана гэдэг миний хувьд маш том даваа, өндөр босго байсан” хэмээн тайлбарласан байдаг.
“A Very Long Engagement”
Энэ бол Гаспар Ульелийн 20 насандаа гол дүрийг нь бүтээсэн анхны кино юм. “A Very Long Engagement” бүтээлийг алдарт Жан-Пьер Жёне найруулсан бөгөөд Гаспар сураггүй алга болсон цэргийн дүрд тоглодог билээ. Харин түүний сүйт бүсгүйн дүрийг Одри Тоту бүтээсэн юм. Дайны, романтик төрлийн энэхүү кино нь Сезар шагнал гардуулах ёслолоос нийт таван шагнал хүртээд зогсохгүй Гаспар Ульель өсөх ирээдүйтэй жүжигчин гэдгээрээ салбарынхандаа танигдсан байдаг.
“Saint Laurent”
Нэрт дизайнер Ив Сен Лораны түүхийг өгүүлэх тус бүтээлийн гол дүрд Гаспар Ульель тоглож бүх төрлийн дүрийг маш чадварлагаар гаргаж чаддаг гэдгээ дахин батлан харуулсан байдаг. “Saint Laurent” кинонд дизайнерын өөрийгөө олж, эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд аялалд гарч буй 1965-1975 оны хооронд өрнөх амьдралынх нь арван жилийн мөчлөгийг харуулдаг билээ.
“One Nation, One King”
Гаспар Ульелийн тоглосон цөөнгүй түүхэн кинонуудын нэг болох “One Nation, One King"-ын үйл явдал Бастилийн цайзыг эзлэн авч, Бүгд Найрамдах Франц улсыг байгуулж буй 18-р зуунд өрнөдөг. Гаспер нь өөрийн дурлалт бүсгүй Франсуазын хамт (Адель Энель) гудамжны жагсаалыг тэргүүлж буй Базилийн дүрийг бүтээдэг билээ.
“It’s Only the End of the World”
Энэ бол Гаспар Ульелийн зогсохгүй найруулагч Ксавье Доланы цуутай бүтээлүүдийн нэг юм. Тус кинонд Натали Бай, Винсент Кассель, Марион Котийяр, Леа Сейду зэрэг Францын орчин үеийн кино урлагийн алдартнууд тоглосон бөгөөд Канны кино наадмын гран при шагналыг хүртэж байсан. Гаспер Ульель нь “It’s Only the End of the World” кинонд 12 жилийн дараа гэртээ ирж буй зохиолч Луигийн дүрийг бүтээдэг. Түүний гол зорилго бол гэр бүлийн гишүүддээ хүндээр өвдсөн гэдгээ дуулгах юм. Зохиолч Луигийн дүр бол уран бүтээлчийн карьерынхаа турш бүтээсэн хамгийн гүн утга санаа шингэсэн дүр гэдэгтэй түүний шүтэн бишрэгчид санал нийлдэг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт