HBO телевиз “Game of Thrones” цувралын зохиол ба бусад мэдээллүүдийг хакеруудад алдлаа

1,5 терабайт мэдээлэл

Өчигдөр HBO телевиз цахим халдлагад өртөж, нууц мэдээллүүдээ алдлаа. Тодруулбал үл мэдэгдэх хакерууд тус телевизийн серверт нэвтэрч, эфирт цацагдаагүй байгаа "Ballers", "Room 104", "Game of Thrones" цувралуудын мэдээллийг хулгайлжээ.

"HBO телевиз цахим халдлагад өртсөний улмаас зарим нууц мэдээллүүд олон нийтэд задарсан байгаа. Бид энэ хэргийг нэн даруй шалгаж, хууль сахиулах байгууллага болон цахим аюулгүй байдлын компаниудтай хамтран ажиллаж байна" гэж тус телевизийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ бичжээ.

Хэдийгээр HBO телевиз алдагдсан мэдээллийн агуулга ба хэмжээг дурдаагүй ч, Entertainment Weekly вебсайтын мэдэгдсэнээр хакерууд 1,5 терабайт мэдээлэл хулгайлсан байж болзошгүй гэнэ. Одоогийн байдлаар цахим халдлагын улмаас "Ballers", Room 104" цувралын шинэ ангиуд мөн "Game of Thrones" цувралын ирэх долоо хоногт цацагдах долоодугаар улирлын дөрөвдүгээр ангийн зохиол цацагдаад байгаа юм. Ингээд ч зогсохгүй хакерууд бусад нууц мэдээллүүдийг цахим ертөнцөд цацна хэмээн сүрдүүлжээ. Сонирхуулахад өмнө нь HBO телевиз "Game of Thrones" цувралын тавдугаар улирлын эхний дөрвөн ангийг хакеруудад алдаж байсан гашуун туршлагатай билээ.

Г.Тэмүүлэн

2017-08-01, 12:00

  • Зураг: