Харри Стайлс Тимоти Шаламегаас ярилцлага авлаа

Орчин цагийн залуусын төлөөлөл

Орчин цагийн залуусын төлөөлөл болсон дуучин Харри Стайлс болон жүжигчин Тимоти Шаламе нарын ярилцлага болон Тимотигийн зургууд i-D сэтгүүлд нийтлэгджээ. Уг ярилцлагын үеэр залуус хоорондоо орчин цагийн эр хүний тухай ойлголт, олон нийтийн сүлжээ болон улс төр гэх мэт олон чухал сэдвийн талаар ярилцлаа.

Өдгөө 22 настай Тимоти Шаламе 2017 онд тоглосон "Call Me by Your Name" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшиж байсан бол Харри Стайлсыг залуу үеийн шилдэг уран бүтээлчдийн нэгээр нэрлэдэг билээ. Бид Харри болон Тимоти нарын ярилцлагаас хамгийн сонирхолтой хэсгийг хүргэж байна.

"Орчин цагийн эр хүн гэж хэнийг хэлэх бэ, ямар байх ёстой вэ?"

Тимоти Шаламе: "Хүн бүр өөрөөрөө байгаасаа гэж хүсч байна. Орчин үед эр хүн байхын тулд ийм байх ёстой, тийм хувцас өмсөх ёстой гэсэн тодорхойлолт байхгүй гэж бодож байна...Учир нь цоо шинэ үе эхэлж байна. Залуу үеийнхэн бүх зүйлийг цоо шинээр хийнэ гэсэн хүсэл тэмүүллийг мэдэрч байна."

Харри Стайлс: "Би эр хүний ертөнцөд өсч торниогүй. Учир нь бага насаа ээж, эгчтэйгээ хамт өнгөрүүлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эмзэг байх нь, феминист үзлийг дэмждэг байх нь эрэгтэйлэг байдлын нэг хэсэг гэдэгт итгэх болсон. Хорвоо дэлхийтэй танилцах тусам өөрийгөө нээж, тэр хирээрээ өөртөө сэтгэл хангалуун байх болсон."


Олон нийтийн сүлжээний тухайд:

Харри Стайлс: "Миний хувьд олон нийтийн сүлжээг хэрэглэхгүй байх нь намайг илүү аз жаргалтай болгодог. Жишээ нь чи нэгэн үдэшлэгт уригдлаа гэж төсөөлье. Гэхдээ тэр үдэшлэгт уригдсан хүмүүсийн ердөө гурав нь л эелдэг, сайхан ааштай, харин үлдсэн нь тийм ч таатай хүмүүс биш бол чи тэр үдэшлэгт явах уу? Олон нийтийн сүлжээ надад яг л ийм төрлийн үдэшлэг мэт санагддаг."

Тимоти Шаламе: "Олон нийтийн сүлжээ бол удирдахад маш төвөгтэй орчин. Миний тухай сөрөг сэтгэгдлийг унших төдийд өөрийгөө гэмтэж буйгаар мэдэрдэг. Тиймээс уран бүтээлч хүн гэдэг утгаараа би өөрийгөө вакуумжсан орчинд байлгахыг хүсэх болсон. Түүнчлэн олон хүмүүс дэлгэцээс хором ч салж чадахгүй байгаад харамсдаг."

Хэрэв үлдсэн амьдралдаа зөвхөн ганц хөгжим сонсож, ганц кино үзэн, ганц л ном унш гэвэл эдгээр нь юу байх вэ?

Тимоти Шаламе: "Дууны хувьд гэвэл Kid Cudi-ийн 'Rain' , харин кино нь ‘Punch Drunk Love.' байх бол номын тухайд бол яг одоо уншиж буй зохиолч Фернанду Пессоагийн 'Сэтгэл шаналлын тухай ном' гэх номыг унших болно."

Харри Стайлс: "Миний хувьд Ван Моррисоны 'Madame George' дууг сонсож, "Goodfellas" киног үзэх бол номын хувьд Харуки Муракамигийн "Норвегийн ой" эсвэл Роб Шеффилдийн "Хайр бол хуурцаг" гэх зохиолын аль нэгийг сонгох болно."

 

Buro.Mongolia

2018-11-05, 10:00