Хаяо Миязаки шинэ бүрэн хэмжээний анимэйшн кино хийнэ

“Boro the Caterpillar”

“Миний хөрш Тоторо”, “Сүнсээр туугдагсад” зэрэг алдарт бүтээлүүдийн зохиогч, Оскарын шагналт домогт аниматор Хаяо Миязаки сүүлчийн бүрэн хэмжээний анимэйшн киногоо хийхээр албан ёсоор эргэн ирж байна

Японы алдарт найруулагч, аниматор Хаяо Миязаки 2013 оны сүүлчээр тэтгэвэртээ гарах болсноо зарлаж олон сая шүтэн бишрэгчдээ гонсойлгосон юм. Тэгвэл гурван жилийн дараагаар тэрбээр ажилдаа эргэн ирлээ.

Хаяо Миязаки Токио дахь өөрийн Ghibli студид зориулж бичсэн "Boro the Caterpillar" буюу "Жаран хөлт Боро" гэдэг богино киног бүрэн хэмжээний анимэйшн кино болгохоор зорьжээ. "Boro the Caterpillar"-ын зохиолыг бичихэд Миязаки 20 жилийг зарцуулсан боловч энэ зохиолоор нь хийсэн богино хэмжээний кино нь түүний сэтгэлд хүрээгүй аж. Тиймээс тэр энэхүү бүтээлээ илүү дэлгэрүүлж бүрэн хэмжээний кино хийхээр шийдсэн байна. "Энэ бол жижигхэн, үсэрхэг жаран хөлтийн түүх. Түүнийг хоёр хуруугаараа бяцалж болох тийм л жижигхэн" гэж киноныхоо талаар найруулагч тодорхойлж хэлжээ.

"Boro the Caterpillar" киног хийхэд ойролцоогоор таван жил зарцуулах юм. Тэгэхээр энэхүү бүтээл нь Хаяо Миязакийн 80 насны ойгоор нээлтээ хийх төлөвтэй байна.

Buro.Mongolia

2016-11-15, 12:00

  • Зураг: