Каролин де Мегре тэргүүтэй гярхай эмэгтэйчүүдийн бичсэн ном Монгол хэл дээр гарч, есдүгээр сарын 9-нд Lilium Gallery & Lounge-д нээлтээ хийх гэж байна
Бюро 24/7 -ын оффисын утас нэг өдөр гэнэт маш олон удаа дуугарах болов. Уншигчид маань "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" номын нээлт болох тухай зарлагдсан даруйд манайх руу залгаж, хэзээ болох талаар нь асууцгааж эхэлсэн юм. Каролин де Мегре болон Анна Берест, Одри Диван, Софи Мас нарын бичсэн энэхүү сонирхолтой номыг монгол хэл дээр унших гэсэн хүмүүсийн эрэлт, хүлээлт их байжээ.
XXI зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийг хөгжилтэй бас зоригтойгоор өгүүлсэн энэхүү номыг Ж.Энхбаяр монгол хэл рүү орчуулсан бөгөөд тус номын нээлтийг Бюро 24/7 Монгол хамтран хийх гэж байгаа юм.
Парис бүсгүйчүүдийн соёл, хувцасны стиль, тэдний ойлгомжгүй, зөрчилдөөнтэй зан чанарын талаар энэ номоос олон зүйлийг уншиж болно. Бас эрчүүдийн тухай, тэднийг хэрхэн эвгүй байдалд оруулж, эцсийн мөчид үгүй гэж хэлэх тухай дэггүй зөвлөгөө ч энд олон байх юм.
Lilium Gallery & Lounge-д болох номын нээлтэнд орчуулагч Ж.Энхбаяр уншигчидтайгаа номын талаар, эмэгтэйчүүд, Парисын амьдралын тухай дотно яриа өрнүүлж нэгэн үдшийг өнгөрөөх болно. Нээлтийн үйл ажиллагааны тасалбар цөөн тоогоор гарсан бөгөөд хүрэлцэн ирсэн зочид тус номын анхны эзэд болох юм.
Дэлхийн олон сая эмэгтэйчүүдийг байлдан дагуулсан энэ ном юугаараа онцгой юм бол? Загварын ертөнцийн алдартнууд бичсэн болохоороо юу, эсвэл үнэхээр бусдын мэддэггүй, ярихаасаа санаа зовж цэрвэдэг зүйлсийн тухай, эмэгтэйчүүдийн ертөнцийн нууцыг дэлгэсэнд юм болов уу. Тэгвэл энэ номонд бичсэн тэдгээр нууцаас заримыг нь задлавал ямар вэ?
ҮНС БАС ЖҮЖИГЛЭ
Парис бүсгүйчүүд хэзээ ч өөрийнхөө талаар хэтэрхий их мэдээлэл өгдөггүй. Өөрийгөө нээх тал дээр "Бага байх тусмаа сайн" гэсэн алтан дүрмийг баримталдаг.
Парис бүсгүйчүүд үнсэлцэхдээ бусад зүйлд ханддаг шигээ, яг л кинон дээр гардаг янаг бүсгүй шиг дүр эсгэдэг.
Ням гарагийн өглөө талханд гарахдаа, шөнө дунд оргилуун дарс худалдан авч байхдаа, түүгээр ч үл барам хүүхдээ сургуулиас нь авч байхдаа ч секс хийхэд бэлэн бай. Хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
ПАРИСЫН АМЬДРАЛААС АВСАН ЗУРАГЛАЛ: НЭГ
-Мэдээж би түүнтэй уулзахыг үнэхээр их хүсч байна.
-Чи түүнд утасныхаа дугаарыг өгсөн үү?
-Үгүй, би тэндээс явахдаа зүгээр л түүнд "Бид хоёр дахиж уулзана аа " гэж хэлсэн.
-Юу?
-Надад итгэ ээ. Хэрвээ эрэгтэй хүн чамтай уулзахыг хүсвэл тэр чамайг заавал олно.
-Гэхдээ, чи түүнд нэрээ ч хэлээгүй шүү дээ.
Жижиг торгон алчуур олон үүргийг давхар гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, чи өмссөн бараан хувцсандаа ямар ч алдаагүйгээр өнгө нэмж чадна. Хоёрт бороо орлоо гэхэд чи алчуураа яг л Роми Шнайдер шиг толгой дээгүүрээ ороож болно. Гуравт, чи амны цаасан алчуургүй явж байх үедээ шаардлага гарвал хүүхдийнхээ хамрыг арччихаж ч болно.
Хэзээ ч явуулахгүй мөртлөө захиа бичнэ. Хэн ч харахгүйг мэдсээр байж үнэтэй дотуур хувцас худалдан авна. Нэг долоо хоногт гурван эрд зэрэг дурлана. Түүнийг хэзээ ч чам руу ярихгүй гэдгийг нь мэдсээр байж ажлын уулзалтаа хойшлуулж түүний дуудлагыг хүлээнэ. Өөрийнх нь нэрийг ч мэдэхгүй залуутай ирээдүйн амьдралаа төсөөлнө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт