Лили Роуз Депп болон Jennie нар “The Idol” цувралд дүр бүтээсэн сэтгэгдлээсээ хуваалцлаа

Тэдний Elle сэтгүүлд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна

2023 онд HBO суваг дээр цацагдах “The Idol” цуврал орон орны үзэгчдийн зүгээс хамгийн их хүлээлттэй байгаа бүтээлүүдийн нэгээр тодроод байна. Үйл явцын хувьд Жоселин нэртэй нэгэн эмэгтэй поп дуучин Тэдрос гэх тахин шүтэгчдийн удирдагч, Лос Анжелесын шөнийн клуб эзэмшигч залуутай хайр дурлалын харилцаатай болсноор түүх өрнөх болно гэж хэвлэлүүд мэдээлсэн билээ. Цувралын зохиол дээр гол дүрийг бүтээсэн дуучин The Weeknd, “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон болон продюсер Реза Фахим нар ажилласан бол гол дүрүүдэд The Weeknd-с гадна Лили Роуз Депп, Трой Сиван, BLACKPINK-ийн Jennie, Мозес Самни зэрэг одууд тоглосон юм.

Тэгвэл америкийн Elle сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын нүүрийг чимсэн Лили Роуз Депп болон Jennie нар “The Idol” цувралд тоглоход юу мэдэрсэн, бусад жүжигчидтэй хамтран ажиллах ямар санагдсан тухайгаа ярьжээ.

Лили Роуз Деппийн хуваалцсанаар зураг авалтын турш The Weeknd түүнийг дэмжиж, маш сайн найз байж чадсан гэнэ. The Weeknd болон цувралын найруулагч Сэм Левинсон зураг авалтын үеэр түүнд өөрийгөө маш аюулгүй байгаагаар мэдэрч, хамгаалагдсан мэт мэдрүүлж чадсан талаар дурссан юм. Тэрээр “Аливаа дүрийг бүтээхдээ тэрхүү дүрээ бүрэн ойлгож, уусах явц надад маш сонирхолтой байдаг. Харин хамт ажиллаж буй хүмүүсийн хооронд бүрэн итгэлцэл байхгүй бол хүссэнээрээ дүрдээ орч чадахгүй байхаас гадна өөр олон ч хүндрэлүүд гарч ирдэг. ‘The Idol’ дээр ажиллахад энэ төрлийн асуудалтай огт тулгараагүй” хэмээлээ.

Харин Jennie ярилцлагадаа Сэм Левинсоны хийсэн бүх кино бүтээлүүдэд дуртай гэдгээ ярьсан ба анх удаагаа кино салбарт хөл тавьж буйгаа онцолсон юм. Тэрээр “Анх удаагаа жүжиглэж байгаа тул шүтэн бишрэгчдэд маань таалагдаасай гэж хүсэж байна. Би өмнө нь хэзээ ч ийм олон танихгүй, тэр тусмаа өөр төрөлх хэлтэй хүмүүстэй хамтран ажиллаж байгаагүй. Гэхдээ кино бүтээх үйл явц миний хийдэг ажлаас тийм ч өөр санагдаагүй” гэж дурдсан байна. Jennie зургаан жилийн өмнө BLACKPINK хамтлагаараа дебютээ хийснээсээ хойш өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн талаар ярихдаа “Би ажлаас бусад үед өөрийгөө хэн гэдгийг тодорхойлж чадахгүй байсан. Мөн ажлаа хийж байхдаа ч өөрийгөө хэн гэдгийг төдийлөн сайн хэлж мэдэхгүй байсан юм. Тийм учраас одоо би өөртөө илүү анхаарал тавьж, шинэ төслүүд дээр ажиллаж эхлэхээсээ өмнө юу мэдэрч буйгаа зөв тодорхойлж сурахаар хичээж байгаа” хэмээв.

Найруулагч Сэм Левинсон нэгэн ярилцлагадаа Jennie-тэй хамт ажилласан тухайгаа ярихдаа түүнийг маш хичээнгүй, мэргэжлийн хандлагатай байж чадсаныг нь магтан ярьсан удаатай. “Jennie нэгхэн цагийн дотор бүжиг дэглэлт сурч үүнийгээ арван удаа төгс үзүүлж чадсан. Энэ маш гайхалтай санагдаж байсан шүү. Мэдээж энэ бол түүний ур чадваруудын нэгээхэн л хэсэг” хэмээн тэрээр хуваалцаж байсан.

Buro.Mongolia

2022-11-18, 16:28