Өнөөдөр сонгодог хөгжмийн "Bassoon Duo & Trio" тоглолт болно

Шилдэг хөгжимчид хамтарсан

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний 19:30 цагт Улсын Филармонийн концертын танхимд Монголын шилдэг хөгжимчдийн хамтарсан "Bassoon Duo & Trio" тоглолт болох гэж байна

Сонгодог хөгжимд дуртай, таалан сонсохыг хүсдэг хүмүүст зориулсан гоцлол болон цөөхүүл хөгжмийн  онцгой тоглолт өнөө орой болно. Хөгжмийн урлагт маш нарийн төрөл болж хөгжсөн цөөхүүл болон гоцлол хөгжмийн тоглолт нь уран бүтээлчдээс маш өндөр ур чадвар, мэдрэмж шаарддаг тул эргээд сонсож байгаа хүнд бүр ч гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг онцлогтой. Тиймээс та энэ үдэш хөгжмийн чавхдас сэтгэлийг тань хөглөж, дээд зэргийн таашаал төрүүлэхийг мэдрэх болно.

"Bassoon Duo & Trio" тоглолтонд монголын шилдэг залуу хөгжимчдийн нэг Б.Зандан-Оргил (Фагот) гоцлол болон цөөхүүл хөгжмийн тоглолтоо та бүхэнд хүргэнэ. Тэрээр ОХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн Дээд Сургуулийг магистр зэрэгтэй төгсөж, Екатеринбург хотод Свердловскийн Филармонийн залуучуудын оркесторт гурван жил фагот хөгжимчнөөр ажилласан туршлагатай. Б.Зандан-Оргил энэ орой дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн зохиолчдын маш сонирхолтой бүтээлүүд тоглохоор зэхжээ.

Мөн энэ үдэш Монгол Улсын Морин Хуурын Чуулгын удирдаач, гоцлол хөгжимчин, "UB Chamber Music"-ийн Үүсгэн байгуулагч Н.Жигжиддорж үзэгчдийн сонорыг мялаахаар болсон байна. Н.Жигжиддорж 2012 онд өөрийн бие даасан "Portrait of Morin Khuur" цомгоо гаргаж, ОХУ-ын Москва хотын Большой Театр, БНӨСУ-ийн Сөүл хот дахь Гранд Театр, Бээжин хотын Хятадын Үндэсний Гранд театр, Парис хот дахь UNESCO танхим, Нью-Йорк хотын НҮБ-ийн танхим, АНУ-ын Байгалийн түүхийн музейн танхим, Нью-Йорк хотын Рубины музей зэрэг дэлхийн алдартай томоохон тайзнаа уран бүтээлээ толилуулсан уран бүтээлч юм. 

Хэрэв та морин хийлийн аялгуунд дуртай бол энэ орой тоглох, Италийн Венец хотын Хөгжмийн дээд сургуулийн магистр зэрэгтэй Д.Амармэндийн гоцлол таны сэтгэлийг бүрэн хөглөх болно. Д.Амармэнд Венец xотын "Palazzo delle Prigioni", "Malibran", "Teatro La Fenice", "Teatro Goldoni", Триест хотын "Sala Beethoven" зэрэг театруудын тайзнаа болон АНУ, Герман, Словень, Австри улсуудын тайзнаа тоглож байсан юм. 

Энэ үдэш тоглох өөр нэгэн онцгой уран бүтээлч бол Италийн Триест хотын У.Тартинийн нэрэмжит Хөгжмийн Их сургуульд Бакалавр, Италийн Удинэ хотын Ж.Томадини нэрэмжит Хөгжмийн Их сургуулд магистр зэрэг хамгаалсан төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ юм. Өнгөрсөн 2016 онд Б.Бат-Эрдэнэ Монгол улсын Филармонид өөрийн бие даасан "Precipitato" тоглолтоо хийсэн ба энэ 2017 оны хоёрдугаар сард Улан-Удэ хотын Филармонид өөрийн бие даасан тоглолтоо мөн толилуулжээ. 

Мөн "Bassoon Duo & Trio" тоглолтонд Г.Долгорсүрэн (Гобой), Ц.Мөнгөнтовч,(Контрабасс), Б.Бат-Эрдэнэ (Фагот) зэрэг уран бүтээлчид оролцох юм байна. 

 

Ж.Чинбат

2017-04-04, 09:00