Пикассо, Мондриан нарын хулгайд алдагдсан бүтээлүүд олдсон байна

Есөн жилийн өмнө хулгайлагдсан бүтээлүүд

Афин хотын Үндэсний Галерейгаас 2012 онд Пабло Пикассогийн "Эмэгтэй хүний ​​толгой" болон Пит Мондрианы "Стаммер дахь салхин тээрэм" гэх хоёр үнэ цэнэтэй уран бүтээл хулгайлагдсан билээ. Энэхүү үйл явдлыг “энэ зууны хамгийн том хулгай” хэмээн нэрлэсэн юм. Тэгвэл саяхан Грекийн цагдаа нар уг хоёр бүтээлийг Кератеа хэмээх жижиг хотын ойролцоох бунхан дотроос олсон байна.

Одоогийн байдлаар дээрэмчдийн нэг болох 49 настай Грек эрэгтэй баривчлагдсан бөгөөд тэрээр уран зургуудыг хаана нуусан талаарх мэдээллийг өгсөн юм. Түүнд дор хаяж нэг хамсаатан хулгай үйлдэхэд тусалсан хэмээн цагдаагийн байгууллага таамаглаж байна.

Грекийн хэвлэлд бичсэнээр гэмт хэрэгтэн уг бүтээлүүдийг хар зах дээр зарахыг хүссэн боловч уран зургуудыг хилээр гаргаж чадаагүй юм. Нэмж дурдахад, Пикассогийн 1939 онд зурсан энэхүү бүтээлийг мэргэжилтнүүд 20 сая еврогоор үнэлжээ.

Танд сонирхуулахад, Пикассо "Эмэгтэй хүний ​​толгой" бүтээлдээ гэрэл зураглаач Дора Маарын хөргийг буулгасан байна. Мөн тэрбээр энэ бүтээлээ Грекийн ард түмэнд нацистуудын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэнд талархлын тэмдэг болгон бэлэглэсэн билээ. Харин Пит Мондриан "Стаммер дахь салхин тээрэм" зургийг 1905 онд бүтээсэн бөгөөд 1963 онд уг бүтээлийг цуглуулагч Александрос Паппас худалдан авч, Афины Үндэсний Галерейд хандивласан байна.

Buro.Mongolia

2021-06-30, 12:21