Риз Уизерспун: "Бид дэлгэцээр гарч буй эмэгтэйчүүдийг бодит амьдрал дээр харах ёстой"

"Big Little Lies"

Риз Уизерспун кино урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн дүр төрхийг дахин нэг харахыг уриаллаа

"Big Little Lies" цувралын нээлтийн ёслолын үеэр Риз Уизерспун шуугиан тарьсан илтгэл танилцуулжээ. Америкийн Пасадина хотод болсон Телевизийн шүүмжлэгчдийн холбооны хэвлэлийн арга хэмжээний үеэр Оскарын шагналт жүжигчин Риз Уизерспун ердийн л нэг эхнэр болон эрчүүдийн сонирхлыг татдаг эмэгтэйн дүрийг бүтээхээс залхаж буйгаа мэдэгдсэн байна. Тийм ч учраас тэр гол дүрд нь  таван эмэгтэй тоглосон төсөлд нэгдсэн гэж хэлжээ.

"Би 25 жилийн турш зураг авалтын талбайд цорын ганц эмэгтэй байж ирсэн. Үүнийг Смурфеттын синдром гэж нэрлэдэг" хэмээн Риз хошигнохын хамтад кино урлагийн салбарт эрчүүдийн тоо давамгайлдгийг онцолжээ.

"Big Little Lies" кинонд

"Big Little Lies" цуврал киног Лиэн Мориартигийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд Риз Уизерспун гол дүрд нь тоглоод зогсохгүй өөрөө продюсерлосон юм. Цувралын үйл явдалд хэсэг бүлэг ээж нарын тухай гарах бөгөөд тэдний өнгөрсөн ба ирээдүйн амьдрал нь нэгэн учир битүүлэг аллагаар хоорондоо холбогддог. Тус цувралын долоон ангийг бүгдийг нь "Dallas Buyers Club" киноогоороо алдартай Жан-Марк Валле найруулсан байна. Риз Уизерспун ба түүний цувралын хамтрагчид болох Николь Кидман, Шейлин Вудли, Зоуи Кравиц нар "Big Little Lies" цувралыг дэлгэцэнд гардаг эмэгтэй баатрын хэвшмэл ойлголтыг эвдэнэ гэдэгт найдаж буйгаа мэдэгджээ. "Big Little Lies" цуврал HBO телевизээр 2017 оны хоёрдугаар сарын 19-нд цацагдана.

Энэ дашрамд хэлэхэд Риз Уизерспуны үг Холливүүдын бас нэг чухал асуудлыг хөндөж байсан. Өмнөд Каролинагийн Их Сургууль 2015 онд америкийн кино урлагийн салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг харуулсан статистикийг дэлгэсэн билээ. Энэхүү судалгаанаас харахад 2007-2015 онд хийгдсэн хамгийн их орлоготой кинонуудын эмэгтэй дүрийн 2/3 нь харилцан ярианы хэсэггүй байжээ. Өнгөрсөн 2016 онд ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Судлаач Эмбер Томасын хийсэн шинэ судалгаанд 2016 онд америкт нээлтээ хийсэн хамгийн их ашиг орлого олсон 10 кинонд эмэгтэй дүрийн харилцан яриа дөнгөж 27 % л эзэлж байгаа юм.

Buro.Mongolia

2017-01-19, 09:00

  • Зураг: