Өчигдөр цацагдсан гурван шинэ трейлер
Цахим ертөнцөд төрөл бүрийн жанрын киноны цоо шинэ трейлерүүд цацагдсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд жүжигчин Райан Рейнольдсын тоглосон Marvel-ын алдарт "Deadpool" супер баатартай киноны хоёрдугаар анги ба жүжигчин Мила Кунис ба Кейт Маккинон нарын "The Spy Who Dumped Me" гэх тагнуулчтай инээдмийн киноны шинэ трейлерүүд нийтлэгдлээ. Түүнчлэн одоо 90 дэх удаагийн Оскарын наадамд шилдэг эмэгтэй жүжигчний дүрд нэр дэвшсэн Марго Роббигийн тоглосон шинэ триллер киноны тизерийг үзэх боломжтой болоод байна.
"Deadpool 2"
Одоогоос хоёр жилийн өмнө нээлтээ хийж, дэлхийн кино театруудаас 783 сая ам.долларын орлого олсон "Deadpool" киноны хоёрдугаар анги тавдугаар сард нээлтээ хийх гэж байна. Үүнээс өмнө 20 Century Fox кино компани тус киноны трейлерийг Youtube суваг дээр цацжээ. Киноны үйл явдалд Deadpool (Райан Рейнольдс) цаг хугацаагаар аялдаг нэгэн мутант хорон санаатантай нүүр тулах болно. Гэхдээ мэдээж хэрэг Deadpool ганцаараа түүнтэй тэмцэж чадахгүй тул ер бусын хүчтэй найзуудаасаа тусламж хүснэ.
"The Spy Who Dumped Me"
Одри (Мила Кунис), Морган (Кейт Маккиннон) гэх хоёр найзын хөгжилтэй, аюултай адал явдлыг харуулдаг энэхүү кино нь ирэх наймдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байгаа. Сюзанна Фогелийн найруулсан тус кинонд Одри гэх бүсгүйн найз залуу нь тагнуулын ажилтан гэдэг нь тодорхой болсноор бүсгүй хамгийн сайн найзынхаа хамтаар аюулд өртөнө.
"Terminal"
Жүжигчин Марго Роббигийн тоглосон "Terminal" нэртэй триллер кино мөн л тавдугаар сард нээлтээ хийх болно. Киноны үйл явдалд хоёр хөлсний алуурчин нэгэн учир битүүлэг захиалга хүлээн авах бөгөөд тэд даалгавраа биелүүлэх үйл явцдаа нууцлаг гэмт хэрэгтэнтэй тааралдсанаар адал явдал эхэлнэ. "Terminal" киноны гол дүрд Марго Роббигоос гадна, жүжигчин Саймон Пегг, Макс Айронс, Декстер Флетчер нар тогложээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт