Spice Girls хамтлаг арьс өнгөний асуудал үүсэхээс сэргийлж дууны үгээ өөрчилнө

Тус хамтлагийн анхны цомог гарснаас хойш нийгэмд олон зүйл өөрчлөгджээ

Саяхан Их Британийн алдарт Spice Girls охидын хамтлаг эргэн нэгдэж, аялан тоглолт хийх гэж байгаа талаар дэлхийн хэвлэлүүд мэдэгдсэн билээ. Тэгвэл тэд энэхүү аялан тоглолтынхоо үеэр хуучин дуунуудынхаа текстийг өөрчлөн дуулах шаардлага гарсныг W Magazine бичсэн байна.

Spice Girls хамтлагийн анхны цомог 22 жилийн өмнө гарсан бөгөөд энэ хугацаанд тэдний зарим дууны үгс #MeToo хөдөлгөөний эрин үед тохиромжгүй, тэр ч бүү хэл ялгаварлан гадуурхсан өнгө аястай сонсогдож байгааг эх сурвалжууд онцоллоо. Тодруулбал тус хамтлагийн алдарт "Spice Up Your Life" дууны "Yellow man in Tumbuktu/Colour for both me and you" гэсэн шар хүний тухай дууны мөрөөс гадна, "Last Time Lover" дууны текстийг шинэчлэхээр болжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн намар Spice Girls хамтлагийн экс гишүүд болох Жери Холлиуэлл, Эмма Бантон, Мелани Браун, Мелани Чисхолм нар эргэн нэгдэж, 2019 оны зургаадугаар сараас эхлэн Их Британи даяар аялан тоглолтоо хийхээ зарласан юм. Түүнчлэн тус хамтлагийн гишүүн байсан дизайнер Виктория Бекхэм өөрийн брэндийн үйл ажиллагаанд төвлөрөх учраас энэхүү аялан тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Buro.Mongolia

2018-12-26, 14:00

  • Зураг: