Netflix тавцангийн гүйцэтгэх захирал Тэд Сарандосын хэлснээр
Нээлтээ хийгээд дөрөвхөн хоногийн дотор үзэгчдийн дунд дээд амжилтыг тогтоогоод зогсохгүй үзэлтээрээ нэгдүгээр байранд жагсах анхны Өмнөд Солонгосын цувралаар тодорсон “Squid Game” бүтээл олны анхаарлыг улам л татсаар байгаа билээ. Өчигдөр буюу есдүгээр сарын 27-нд Лос Анжелес хотноо болж өнгөрсөн “Code conference” арга хэмжээн дээр Netflix тавцангийн гүйцэтгэх захирал, контент хариуцсан захирал Тэд Сарандос илтгэлээ танилцуулах үеэр тус Өмнөд Солонгосын триллер жанрын цувралыг онцлон ярьжээ. “‘Squid Game’ бол манай стриминг тавцангийн хамгийн амжилттай ‘non-English’ (Англи хэл дээрх биш) цувралаар тодрох нь гарцаагүй. Мөн Netflix-ийн түүхэн дэх хамгийн амжилттай цуврал болох магадлал ч асар өндөр байгаа юм" хэмээн Сарандос хэлсэн байна.
Netflix ихэвчлэн тухайн бүтээлийн амжилтыг тодорхойлохдоо нээлтээ хийснээс хойших эхний 28 хоногт тус бүтээлийн эхний хоёр минутыг хэдэн хүн үзсэнийг хэмждэг билээ. Дэлхий нийтийг шуугиулж буй “Squid Game” цуврал энэ сарын 17-нд олны хүртээл болсон бөгөөд ердөө 11 хоног л өнгөрсөн тул хамгийн амжилттай бүтээлүүдийн жагсаалтад хараахан ороогүй байгаа юм. Одоогийн байдлаар Netflix стриминг тавцангийн хамгийн их амжилтыг дагуулсан цувралаар “Bridgerton” бүтээл тооцогдож байгаа бол хоёрдугаар байранд Францын “Lupin” байрлаж байна. Бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.
Эргэн сануулахад, “Squid Game” цувралд 45.6 тэрбум вон буюу 38.5 сая ам.доллар хожихын төлөө үхэлд хүргэх аюултай, олон үе шаттай тоглоомд оролцож буй хүмүүсийн талаар өгүүлдэг билээ. Хүн мөнгөний төлөө юу ч үйлдэхээс буцахгүй гэсэн харгис бодит байдлыг харуулсан уг цуврал кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээг хүртээд байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт