"The Simpsons" цуврал өнгөрсөн 10 жилийн гол өнгөнүүдийг зөгнөжээ

Pantone институтийн гол өнгөнүүд "The Simpsons" цувралд харагдлаа

Өнгө будгийн Pantone институт жил бүр тухайн ондоо тренд болох гол өнгөнүүдийг нэрлэдэг уламжлалтай. Тэгвэл хачирхалтай нь энэ сард 30 жилийнхээ ойн баярыг тэмдэглэж байгаа "The Simpsons" цуврал өнгөрсөн 10 жилийн турш Pantone институтийн зарласан бүх гол өнгийг зөгнөж чаджээ.

Тодруулбал дизайнер Пит Бингхэм энэ үзэгдлийг анх олж анзаарсан бөгөөд түүний онцолсноор Pantone институтийн 2010-2019 оны хооронд зарласан гол өнгөнүүд Симпсоны зочны өрөөнд харагдсан гэнэ. Дизайнер үүнийг батлах зорилгоор иллюстраци бүтээн олон нийтэд танилцуулжээ.

Жишээ нь 2019 оны гол өнгө болох "Амьд шүр" Симпсоныхны зочны өрөөнд байрлах хивсэн дээр харагдаж байгаа бол 2017 оны гол өнгө болох салат навчны ногоон өнгөөр гал тогооны хөшигний хээг чимэглэсэн байна. Ингээд ч зогсохгүй 2018 оны онцлох өнгө болох "Ultra Violet" буюу нил ягаан өнгийн зурагт зочны өрөөнд байршжээ. Харин цувралын дизайнерууд 2016 онд тренд болсон зөөлөн ягаан өнгөөр зочны өрөөний ханыг чимэглэсэн байна.

Хамгийн сонирхолтой нь цувралын гол дүрийн баатар Марж Симпсон 2020 оны гол өнгө болох "Сонгодог цэнхэр" өнгөөр үсээ будсан байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа.

Buro.Mongolia

2019-12-24, 12:00