Виртуал галерей: Сальвадор Дали ба Пабло Пикассо үзэсгэлэнгийн анхны зургууд

Нэг сарын хугацаатай

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд урлаг сонирхогчдын хүсэн хүлээсэн үзэсгэлэн нээгдэхэд бэлэн боллоо. Тиймээс энэ үзэсгэлэнд ямар, ямар бүтээлүүд тавигдсан байгаа тухай шуурхай сурвалжлага хүргэж байна

Үнэхээр "Улаанбаатар хотод Сальвадор Дали ба Пабло Пикассогийн үзэсгэлэн гарна" гэсэн мэдээнд олон хүн итгээгүй. Хүмүүс биднээс "Яг эх зураг тавигдах уу" гэж олон удаа асуусны дагуу үзэсгэлэнгийн нээлтийн өмнө очиж сурвалжиллаа.

Цуглуулагч Александр Шадрин Дали, Пикассогийн эртний "найз" Эсмеральдагийн хамт

"Цуглуулагч Александр Шадрин анх буяны үйлс хийх зорилгоор олон тооны эм, бэлдмэл худалдан авч ядуу хүмүүст түгээдэг байжээ. Гэвч тэр удалгүй өөрийнх нь хөрөнгө зарж хийсэн зүйл нь хүрэх ёстой эзэддээ хүрэхгүй, харин эмийн санд зарагдаж байсан тул урлагийн бүтээл худалдан авч, хүмүүст өөр төрлийн сайн үйл хийхээр шийдсэн хүн юм" гэж тус музейн захирал Б.Сарантуяа ярьлаа.

Үзэсгэлэнд өмнө нь дурдсанчлан Пабло Пикассогийн хүүхдийн мэт зургууд, керамикийн баримлууд дэлгэгдсэн байна. Харин Далигийн хувьд баримлын ажлууд, зураасан зургийн бүтээлүүд голчилжээ. Үзэсгэлэнг нээхийн өмнө цуглуулагч Александр Шадрин сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр Дали болон Пикассо нарын эртний найз "Эсмеральда" ишигийг авчирч, түүнд урлагийн бүтээлүүдийг толилуулсан юм.

Тус үзэсгэлэн нэг сарын хугацаатай гарах бөгөөд музейн захиргаа арван мянган тасалбар хэвлүүлсэн байна. 

Ж.Чинбат

2016-04-29, 15:02