Жирэмсэн эхчүүдийн хэвлийг 3D урлаг болгож буй уран бүтээлчидтэй танилцана уу

Маш үзэсгэлэнтэй нэгэн шинэ тренд

Сүүлийн үед дэлхий даяар жирэмсэн эмэгтэйн ​​бие галбирыг шүтэх нь улам бүр ихсэж байгаа бөгөөд уран бүтээлчид энэхүү нандин дурсамжтай мөчийг дурсгал болж үлдээх үүднээс гипс ашиглан уран баримал бүтээж эхэлсэн байна.

“Anne Boleyn”, “Queen & Slim” бүтээлүүдээрээ олонд танигдсан жүжигчин Жоди Тёрнер-Смит жирэмсэн байх үедээ ямар ч нийтлэг дүрмүүдэд баригдалгүй зөвхөн өөрийн хүссэнээр амьдарсан билээ. Тэрээр жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулагдсан хувцас өмсөхийг хүсээгүй харин эсрэгээрээ бусдад хөл хүнд байдлаа харуулж ирсэн нэгэн юм. Тухайлбал, The Graham Norton Show-нд зочноор оролцохдоо богинохон торгон топ өмсөж, зориуд гэдсээ гаргаж байсан удаатай. Мөн тэрээр өөрийн Instagram хуудаснаа #HereIsThatBumpYou’veBeenAskingFor гэх хэштаг бүхий зургийг нийтэлж байсан билээ.

Мөн тэрбээр жирэмсэн байх үед нь тулгарсан бэрхшээлүүдийнхээ талаар хуваалцаж байсан юм. “Жирэмсэн байх бүх үе шатууд надад өөрийн гэсэн бэрхшээл, сургамжийг авчирсан. Өөрөө л мэдрэхээс нааш хүүхэдтэй болохын тулд таны бие ямар замыг туулахыг хэн ч танд эртнээс хэлж чадахгүй" хэмээн Жоди Их Британийн Vogue сэтгүүлд ярьсан байна.

Жоди ийнхүү эмэгтэй хүний жирэмсэн байхдаа мэдэрдэг жаргал зовлонгийн талаар хуваалцсанаар эмэгтэйчүүдийн жирэмсэн биеийн гоо үзэсгэлэнг илүү эерэгээр хүлээж авч, шүтэхэд нөлөөлж байна. Тэр дундаа Жодиг найман сартай жирэмсэн байх үед нь хийсэн түүний хэвлийн уран баримал олны дунд гайхалтай давлагааг эхлүүлж чаджээ.

Харин та энэхүү шинэ трендийн талаар сонсоогүй бол санаа зоволтгүй ээ. Учир нь бид дэлгэрэнгүй бүгдийг нь тайлбарлаад өгөх болно.

Уран барималчид удахгүй ээж болох эмэгтэйчүүдийн өсөн томорч буй гэдсийг үүрд дурсгал болгож үлдээхийн тулд төрөх хугацаа болохын хэдэн долоо хоногийн өмнө гипсэн 3D цутгамлын тусламжтайгаар уран баримал хийж эхэлсэн байна. Анх энэхүү санааг Жодигийн найз Зейна Сай хэмээх бүтээлч болон контент продюсер дэвшүүлжээ. Тэрээр жирэмсэн найз Жодигийн өөрчлөгдөж буй биеийг ажиглаж, уран баримал хийх санааг гаргасан байна. "Жодигийн хэвлий дэх нялх хүүхэд томрох тусам түүний бие махбод, сэтгэл хөдлөл болон оюун санааг өөр хэн нэгэн удирдаж байгаа нь маш хачирхалтай, сонин мэдрэмж өгч байсныг би мэдэж байсан юм. Жирэмсэн байх үед санаа зовних шалтгаанууд зөндөө байдаг боловч олон эмэгтэйчүүд төрсний дараа том гэдсээ маш ихээр санаж, дурсдаг тухай мөн сонсож байсан юм л даа. Надад жирэмсэн Жодигийн бие, галбир гайхалтай санагдаж байсан тул би энэ дахин давтагдашгүй мөчийг үүрд мөнх хадгалж үлдэхийг хүссэн. Би Жодигоос надад итгэх эсэхийг нь асуухад тэр 'Тийм ээ, хонгор минь' гэж хэлсэн байдаг” хэмээн Зейна Сай хуваалцсан байна.

Тэрээр Жодигоос зөвшөөрөл авсан даруйдаа өөрийн найз болох продакшн дизайнер болон дүрслэх зураач Бриана Гонзалесаас тусламж хүсжээ. "Миний бүтээсэн баримал маань сонгодог баримал шиг харагдаасай гэж би хүсэж. Гоёмсог хирнээ удаан эдэлгээтэй. Мөн эцэст нь Жоди маань сэтгэл хангалуун байж, өөрийн жирэмсэн дүрсээрээ бишрээсэй гэж хүссэн. Түүнийг төрсний дараа уг баримал нь маш онцгой зүйл болж үлдэхийг би мэдэж байсан юм. Энэ бүтээл бол миний зүгээс Жоди, түүний нөхөр болон тэдний бяцхан охинд өгсөн бэлэг байсан" хэмээн Зейна тайлбарласан билээ.

Нэмж дурдахад, уран бүтээлчид, төрөлжсөн жижиг бизнес эрхлэгчид болон жирэмсэн эхчүүдэд дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын ачаар иймэрхүү төрлийн уран баримал хийгдэх нь ихсээд байгаа билээ. Жишээлбэл, өдгөө гурван хүүхдийн ээж Жойс Хавинга-Друп эмэгтэй Нью-Йорк хотод Birth Ambassador гэх жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг компанийг үүсгэн байгуулсан юм. Түүнийг жирэмсэн байхад нь зураач дагавар охин нь хэвлийн гипс хийх саналыг тавьж байжээ. "Надад жирэмсний гайхамшигтай үеийг мөнхжүүлэх санаа маш ихээр таалагдсан. Энэ бол хайртай хүмүүстэйгээ хамт хийж болох сайхан зан үйл юм" хэмээн Жойс Хавинга-Друп хуваалцлаа. Тэрээр одоогийн байдлаар эхчүүд болон хосуудад гэдэсний баримлыг бүтээхэд тусалж байна. Хэвийг ердийн түүхий байдлаар нь үлдээж эсвэл баримлыг зүлгэж, будаж, чимэглэж болно. Жойсын хэлснээр "Жирэмсний сүүлийн гурван сард амьдралынхаа хэмнэлийг удаашруулж, төрөхөд аажмаар бэлдэж эхлэх нь чухал билээ. Харин энэ үед хэвлийнхээ баримлыг хийж, чимэглэх нь гарцаагүй тохиромжтой зүйл байх болно”.

Жирэмслэлт бол бурхнаас заяасан бэлэг хэмээн хүмүүс ярьдаг. Мөн энэ нь насан туршийн мартагдашгүй үе юм. Жирэмсний хэвлийн гипсэн баримал нь таатай дурсамж болон үлдэх төдийгүй жинхэнэ урлагийн бүтээл болон хувирах билээ. "Энэхүү урлагийн бүтээл нь эхийн дотор шинэ амьдрал бий болсон тэр мөчийг насан туршдаа санагдуулах болно" хэмээн Жойс хэлсэн юм.

Buro.Mongolia

2021-07-06, 13:16

  • Зураг: Courtesy of Zeyna Sy