Жорж Клуни хүмүүнлэгийн ажилд анхаарлаа хандууллаа

Aurora Prize for Awakening Humanity

Хүмүүнлэгийн үйл хэрэгт гавьяа байгуулсан хүмүүсийг алдаршуулах Aurora Prize шагналын анхны эзнээр Маргерит Баранкитс гэх эрхэм тодорсон байна. Тэрээр шагналын сан болох нэг сая долларыг буяны үйлсэд хандивлахаар болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Армений Ереван хотод жүжигчин Жорж Клуни айлчиллаа. Тэрээр анхны Aurora Prize  хүмүүнлэгийн шагнал гардуулах ёслолын тусгай хорооны шүүгчдийн бүрэлдэхүүнд оролцжээ. Энэхүү шагналын эзнээр Африкийн Бурунди улсад өрнөсөн иргэний дайны үеэр  дүрвэгсэд болон өнчин хүүхдүүдэд туслаж байсан Маргерит Баранкитс гэх хүн тодорчээ. Тэрээр Mason Shalom гэх хоргодох байр болон Rema нэртэй эмнэлэг байгуулсан хүн юм. Одоогийн байдлаар түүний нээсэн эмнэлэгт нийт 80,000 гаруй хүн  эмчлүүлсэн байна.

"Дарангуйлал болон бусад бэрхшээлийг үл харгалзан нэг хүн хэр их зүйлд хүрч болохыг харуулсан амьд жишээ бол Маргерит Баранкитс юм" хэмээн Жорж Клуни түүний тухай ярьжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ "Баранкитс бидэнд бүгдэд нь урам зориг өгч, эрх нь зөрчигдөж байгаа, бидний тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүсийн талд зогсож, хүмүүсийн төлөө бид юу хийж болох талаар бодоход хүргэнэ гэж найдаж байна" гэсэн байна.

Шагнал гардуулах ёслолын дүрмийн дагуу ялагч болсон хүн 1,1 сая доллар авах эрхтэй бөгөөд Баранкитс шагналын мөнгөө хандивлахаар шийдсэн байна. Тэр өөртөө 100 мянган долларыг үлдээж, бусад хэсгийг өөрийн сонгосон сайн үйлсийн байгууллагуудад хуваан өгөхөөр болжээ. Маргерит Баранкитс хэлэхдээ "Mason Shalom-ын гол үндэс суурь бол энэрэл нигүүлсэл, эв найрамдал, сайн зан чанар, өгөөмөр сэтгэл юм. Энэ бүхэн хүмүүст сайн үйл болж очиж чадсанд би баяртай байна" гэжээ.

Жорж Клуни уг ёслолд оролцсоноор хүмүүнлэгийн болон буяны үйлсэд дэлхий нийтийг уриалж, олон нийтийн анхаарлыг хандуулж чаджээ.

Армений ерөнхийлөгч Серж Саргсян & Жорж Клуни
Рубен Варданян, Маргарет Баранкитс & Жорж Клуни

Buro.Mongolia

2016-04-26, 16:00

  • Зураг: