Bvlgari Женев хотноо Serpenti болон бусад шинэ загварын цагнуудаа танилцууллаа

Могойн хүч

Женев хотын Four Seasons Hotel des Bergues зочид буудалд Bvlgari шинэ цагнуудынхаа танилцуулгыг хийж, нэр төрөө эрхэмлэгчдэд зориулсан загваруудаа санал болголоо

Энэ долоо хоногт дээд зэрэглэлийн цагны SIHH (Salon International de la Haute Horlogerie) үзэсгэлэн болж байгаа ч гэлээ алдартай брэндүүд мөн өөр газруудад, үнэнч хэрэглэгчиддээ зориулсан танилцуулга хийж байна. Женев хотноо танилцуулсан Bvlgari брэндийн шинэ цуглуулгад Serpenti, Diva, Lucea гэх гурван эмэгтэй загварын цаг олны анхаарлыг их татлаа.

Эхний загвар болох Diva цагны нүүрийг маш өвөрмөц материалаар хийжээ. Модны хөвөнгийн ширхэгээс гаргаж авсан ацетат целлюлоз гэх материал нь өнгөлгөөний явцад улам бүр гэрэлтэж, сонирхолтой, шинэлэг өнгө бий болгодог байна.

Хоёр дах Lucea цуглуулганд багтсан Piccola Lucea цагийг харахад Bvlgari эргээд жижиг хэмжээтэй бугуйн цаганд анхаарлаа хандуулсан бололтой. Энэ цаг сонгодог Lucea цагны жижгэрүүлсэн хувилбар гэхээс илүүтэй бүх хэлбэр хэмжээг нь дахин шинэчлэн гаргасан цоо шинэ цаг юм. Piccola Lucea цагны эх биеийн диаметр нь 23 мм бөгөөд түүнийг мэргэжилтнүүд орчин үеийн, шинэлэг хийцтэй, хамгийн гоё жижиг цагны нэгээр тодрууллаа. 

Diva
Piccola Lucea
Piccola Lucea

Одоо цуглуулгын хамгийн их анхаарал татаж байгаа Serpenti Incantati буюу орчуулбал "Ид шидийн Могой" гэх цагтай танилцъя. Serpenti нь Bvlgari-гийн нүүр царай болсон цаг юм. Цагны оосор нь бугуй ороосон могойн дүрстэй бөгөөд энэ нь дээд зэрэглэлийн цагны түүхэнд хамгийн их алдаршсан загвар билээ.

Шинэ цагны нүүр хэсгийг могой ороосон байх бөгөөд сүүлээ хазсан байдлаар бүтээжээ. Мэдээж могой уян хатан амьтан тул бугуйвчны нарийн чимэглэлүүд нь түүнийг мушгирч буй мэт харагдахаар загварыг нь зохион бүтээжээ.

Цаг хоёр сонголттой гарсан бөгөөд ягаан алт болон очир эрдэнийн чимэглэлтэй хувилбар нь маш их гэрэлтэж, гялалздаг тул баяр ёслолын үед зүүхэд илүү тохиромжтой. Харин цагаан алт, очир эрдэнээр бүрсэн хөх өнгийн оосортой загвар нь илүү албан ёсны төрхтэй болсон байна. Монголчууд бид "Хүн нэрээ, могой сүүлээ" гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр цаг тутамд нэр төрөө өндөрт эрхэмлэн, цэвэр ариун мөртэй явах билгэдэлтэй энэхүү лусын эзний төрхтэй цаг таны бугуйг болоод сэтгэлийг үргэлж чимж байх биз ээ.

Buro.Mongolia

2016-01-26, 11:00

  • Зураг: