Ирэх улиралд анхаарлаа хандуулах 6 гар цүнх

Хуучны алдартай загварууд эргэн ирнэ

Celine брэндийн "Sulky" гар цүнх


Дизайнер Эди Слиман намар-өвөл 2020 улиралд зориулан Celine ордны өв уламжлалыг сэргээсэн хэд хэдэн загвар урласны нэг нь "Sulky" гар цүнх юм. Морин тэрэгний хэлбэр дүрсийг цүнхний чимэглэлд ашигласан энэхүү загварыг анх брэндийн үүсгэн байгуулагч Селин Випиана эхнэртээ зориулан урлаж байсан ба энэ удаад Эди Слиман орчин үеийн хувилбарыг нь танилцуулжээ.

Louis Vuitton брэндийн "Keepall" гар цүнх


Louis Vuitton брэндийн хамгийн алдартай загваруудын нэг болох "Keepall" гар цүнх тайзнаа ахин амиллаа. Гар тээш хэлбэрээр үүрдэг "Keepall" загварыг энэ удаад клач цүнх мэт гартаа барин загварчилсан нь олны анхааралд өртөхөд хүргэсэн юм.

Balenciaga брэндийн "Neo Classic" гар цүнх


Balenciaga брэнд алдарт "Neo Classic" загварын шинэ хувилбарыг танилцуулсан байгаа. 20 жилийн түүхтэй уг загварыг илүү том хэмжээтэй болгон өөрчилжээ.

Prada брэндийн микро гар цүнх


Ердөө уруулын будаг багтахаар жижиг хэмжээтэй микро цүнх ирэх улиралд ч тренд хэвээр үлдэх бололтой. Гэхдээ энэ удаад Prada брэндийн санал болгосон тэлээтэй хувилбарт анхаарлаа хандуулаарай.

Gucci брэндийн "Jackie" гар цүнх


Алдарт гар цүнхний загварууд эргээд моданд орж буйн нэг жишээ бол Gucci-гийн "Jackie" цүнх юм. 1960-аад онд анх урт оосортой хувилбараар худалдаанд гарч байсан энэхүү загварыг хожим нь АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн хоч нэр буюу "Жаки" хэмээн нэрийдсэн байдаг.

Bottega Veneta хөвсгөр материалтай гар цүнх


Загварын салбарт цоо шинэ өнгө төрх нэмээд буй Bottega Veneta брэнд ирэх улиралд зориулан хөвсгөр материалтай гар цүнх танилцууллаа. Энэхүү загвар нь аль хэдийнэ Перниль Тейсбек, Роузи Хантингтон-Уайтли зэрэг загварын оддын анхааралд өртөөд эхэлжээ.

Buro.Mongolia

2020-03-16, 11:58