Загварын долоо хоногууд үргэлжилж байна
Хоёрдугаар сарын 23-ны өдөр энэ улирлын хамгийн өндөр хүлээлттэй байсан Fendi-гийн загварын шоу амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Шинэ цуглуулгаас харахад 2000-аад оны хэв маяг эргэн дэлгэрч буй томоохон давлагаанд Fendi брэнд ч мөн өртжээ. Загварын ордны бүтээлч захирал Ким Жонс тухайн үеийг дүрслэн харуулахдаа зөвхөн өнгөлөг бөгөөд секси уур амьсгалд хайрцаглагдахгүйгээр, илүү эрхэмсэг, нямбай, тансаг хэв маягийг баримталсан байв. Тухайлбал, дизайнер намхан суудалтай брюкэн өмд, нэвт гэрэлтсэн материал, корсет, өнгөлөг үслэг эдлэл зэрэг 2000-аад оны элементүүдийг тейлор хийцтэй пиджак, хантааз, оффис хэв маягтай савхин хүрэм, харандаа хэлбэрийн юбкатай хослуулж онцгой уур амьсгалыг бүрдүүлж чаджээ. Түүнчлэн Ким Жонс эдгээр загваруудаа урлахдаа Карл Лагерфельдийн 2000 оны хавар-зун цуглуулгаас урам зориг авснаа Vogue сэтгүүлд хэлсэн байна.
Цуглуулгын хөнгөн, гэгээлэг өнгө аясыг цайвар өнгөтэй, нимгэн шифон материал голчлон тодорхойлж байв. Бүтээлч захирал тус материалаар биеийн галбир тодотгосон, цацагтай даашинз, комбинзон, топ зэргийг урлаж, тэдгээрийг үслэг хүрэм, өнгөлөг, урт бээлийтэй хослуулсан нь 70-аад оны модаг санагдууллаа. Аксесуарын хувьд гааны ногоон өнгөтэй бээлий, бугуйндаа зүүх боломжтой мини цүнх, өрөөснөөр нь зүүдэг түлхүүрийн хэлбэртэй ээмэг анхаарал татсан бөгөөд эдгээр загварууд хаврын өндөр эрэлттэй чиг хандлагаар тодрох нь гарцаагүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт