Buro 24/7 тойм: Boss Women, намар-өвөл 2016

Гөлгөр өнцөг

Жейсон Ву Герман загварын ордонд ирснээсээ хойш брэндийн бэлгэ тэмдэг болсон хурц өнцөг, тэгш хэмтэй эсгүүрийг өөрийн хайртай гөлгөр, зөөлөн хэв маягтай хослуулах гэж хичээж байгаа. Тэрээр энэхүү зорилгодоо хүрч, улирал бүр гайхамшигтай цуглуулга бүтээсээр байна

Hugo Boss орчин үеийн чиг хандлагатай загвар гэхээсээ илүү төгс эсгүүртэй хослолуудаараа алдаршсан. Ялангуяа эрэгтэй загварын минималист хослолууд брэндийн нэрийн хуудас болсон юм. Энэхүү брэндийн ДНХ мэдээж эмэгтэй загваруудад ч бас шингэсэн байдаг. Гэхдээ хүмүүс эмэгтэй загвараас илүү их зүйлийг хүсч, илүү өргөн хүрээтэй дизайн харахыг хүлээдэг тул зөвхөн энэ гол чанарыг баримталж ажиллана гэдэг утгагүй хэрэг. Тийм учраас л Жейсон Ву бүтээлч захирлын суудалд ирснээсээ хойш брэндийн уламжлалт тэгш хэмтэй эсгүүрийг зөөлөн, уян хатан чанартай хослуулж, шинэлэг загвар гаргахыг хичээн ажиллаж байгаа.

Хэрвээ өмнө нь Boss-ын цуглуулгууд үргэлж геометр дүрс шиг хурц өнцөг, шулуун зурааснаас бүрддэг байсан бол, Ву загваруудыг зөөллөж, нүдэнд эвтэйхэн болгож байгаа. Тэр тэдгээр шулуун зурааснуудыг эмэгтэй хүний галбирт тааруулан, нугалах болсон. Ингэснээр орчин үеийн Boss бүсгүй илүү романтик, илүү эмэгтэйлэг болж чадсан юм. Тухайлбал шинэ цуглуулгадаа дизайнер сонгодог "элсэн цаг" дүрсийг даашинз, цамц, пальто зэрэг загварууддаа ашиглаж, мөн унтлагын сарафан загварын даашинз дээр цээж хэсгээс хормой хүртэл үргэлжлэх өргөн хуниас оруулсан байна. Үүнээс харахад брэндийн хэв маяг илүү эмэгтэй хүний хэрэгцээнд нийцэж эхэлсэн нь мэдэгдэх болно.

Юутай ч Ву загварын ордны ДНХ-г бүр мөсөн алдагдуулалгүйгээр, төгс тэнцвэрийг олж ажиллаж байна. Геометр дүрснүүд ба минималист хэв маягийг тэр авч үлдсэн бөгөөд зүгээр л өөр аргачлалаар үзүүлж байгаа юм. Жишээ нь намар-өвөл 2016 цуглуулгын бүсгүйчүүдийн бэлхүүсийг тодотгосон эмэгтэйлэг пальто хурц өнцөгтэй дүрснүүдээс бүрдсэн. Мөн даашинз дээрх том хуниаснууд романтик уур амьсгал нэмж байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ загвар өмсөгч алхаж эхлэхэд тэдгээр нь зөөлөн хэмээр салхинд намирах биш, харин гурвалжин дүрс үүсгэж хөдлөх болно. Энэ нэгдлийг хослуулж чадсан Жейсон Вугийн мэргэн ухаан үнэхээр гайхалтай.

Ө.Тодгэрэл

2016-02-19, 13:00

  • Зураг: