Buro 24/7 тойм: Dior, намар-өвөл 2016

Урдын адил

Раф Симонс хувийн шалтгаанаар Dior брэндийн бүтээлч захирлын суудлаасаа татгалзсан. Түүний суудлыг залгамжлах хүнийг хараахан олоогүй байгаа тул загварын ордны дизайнерууд болох Серж Руффье, Люси Майер нар шинэ цуглуулгыг хариуцаж хийжээ

Dior-ын бүтээлч захирлын суудал эзгүй байх зуур хуучин Раф Симонсын удирдлагa дор ажилладаг байсан Серж Руффье, Люси Майер нар шинэ цуглуулгуудыг хариуцаж байгаа. Тэд өмнө нь pre-fall, haute couture цуглуулгаа танилцуулсан бол энэ удаад Парист намар, өвлийн шинэ загваруудаа толилууллаа.

Францын загварын ордны бүтээлч захиралгүйгээр хийсэн өмнөх haute couture цуглуулгад шүүмжлэх загвар байхгүй ч гэлээ мөн сэтгэлд үлдсэн загвар нэг ч байгаагүй юм. Рre-fall загварын цуглуулгын хувьд ч тэр урд өмнө нь байгаагүй хэт энгийн болсон. Энгийн пальто, хослол, хоолойтой цамц дээр давхарласан даашинз, топ гээд гайхшруулах зүйл нэг ч байгаагүй. Энэ удаагийн намар, өвлийн загварууд ч урдын адил дурламаар зүйлгүй болжээ.

Энэ нь ирэх намар Dior-ын бутикээс худалдан авах зүйл огт байхгүй гэсэн үг биш юм. Гурвалжин, том захтай пальтонууд, унасан мөртэй үслэг хүрэм, мөн унжсан мөртэй куртка зэрэг нь хамгийн их борлуулагдах загварууд ч болж болох юм. Өөр, өөр хээтэй даавуу ашиглан бүтээсэн даашинз, хослол ч мөн адил эрэлттэй байх биз ээ. Гэвч энэ бүх зүйлсэд том дизайнерын үзэл, санаа огтхон ч шингээгүй нь мэдрэгдэх аж. Харин урдын байсан чиг хандлагыг эргүүлэн авчирч, загварын ордныг шинэ зүйлд чиглүүлэхэд Раф Симонс шиг чадварлаг дизайнер л хэрэгтэй байна.

 

Б.Амина

2016-03-07, 16:00

  • Зураг: