Buro 24/7 тойм: Fenty Rihanna x Puma, Lacoste, Herve Leger by Max Azria

Өдрийн хамгийн сонирхолтой шоунууд

Бид Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн сонирхолтой шоунуудыг танд хүргэж байна. Өнөөдөр Fenty Rihanna x Puma, Lacoste, Herve Leger by Max Azria нарын шинэ цуглуулгыг сонирхоцгооё

Fenty Rihanna x Puma

Сар гаруй үргэлжлэх эмэгтэй загварын долоо хоногийн марафон дөнгөж эхэлж байна. Одоогийн байдлаар урлагийн одууд мэргэжлийн дизайнеруудаас илүү амжилттай яваа харагдана. Канье Уэстийн Yeezy маркийн танилцуулга хэчнээн их шуугиан дэгдээснийг санаж байгаа биз дээ. Харин одоо Рианнагийн ээлж ирлээ. Дуучин бүсгүйн Puma брэндтэй хамтарсан анхны загварын шоу саяхан болж өнгөрлөө. Мэдээж хэрэг спорт хувцасны аварга брэнд хэнтэй хамтрахаа сайтар мэдэж байгаа. Тэд Рианнаг анх 2014 онд  бүтээлч захирлын суудалд урьж байсан бол одоо харин түүний уран бүтээлийн үр дүнг харах цаг боллоо.


Рианна өөрөө маш зоригтой стильтэй бөгөөд хүмүүст загварын үлгэр дууриалал болж чадсан нэгэн. Түүний нэвт гэрэлтэх торон даашинз хүртэл улаан хивс дээр "нүцгэн" даашинзын трендийг үүсгэсэн шүү дээ. Шинэ цуглуулгад харин эсрэгээрээ зузаан бас хүнд материалууд гол үүрэг гүйцэтгэж байлаа. Сунасан ханцуйтай аварга том малгайтай цамц, том хэмжээстэй бомбер хүрэм, сул загварын шуба, ямар ч хэмжээсгүй мэт хүрэм, өвдгөн дээрээ уранхай өргөн өмд зэрэг нь аль ч хүйсийн хүн өмсөж болохуйц хэв маягтай болжээ. Рианна хоёрдмол хүйсийн чиг хандлагаас хоцрохгүй байхаар шийдсэн бололтой.

Гэхдээ зарим загвар өмсөгчид нэлээд тачаангуй төрхтэй тайз дээр гарч ирсэн. Тэд өндөр суудалтай дотуур хувцас, богино майк, өвдөг давсан урт түрийтэй кет өмссөн байв. Үүнд дуучны өөрийн стиль мэдрэгдэж байлаа.



Lacoste

Lacoste-ын хамт олон нэг биш удаа спорт хэв маягаас холдохоор шийдсэн гэж мэдэгдсэн ч энэ удаад бүх зүйл хэвээрээ үлдсэн харагдлаа. Тэд энэ улиралд 1960-аад онд Францын Олимпын шигшээ багт зориулж урласан хослолын загвараа эргэн дурсаж, тэндээс урам авч ажиллажээ. Бүтээлч захирал Фелип Оливейр Баптиста тэрхүү эртний хослол дээр суурилсан, орчин үеийн хувцаснууд бүтээсэн байна.

Цуглуулгын загваруудаас Францын тамирчдын төрх илт илрээгүй хэдий ч бага зэргийн спортлог бас ретро уур амьсгал мэдрэгдэж байлаа. Тухайлбал ягаан өнгийн малгайтай даашинзны энгэр дээрх брэндийн нэр "Олимп" хэв маягийн бөөрөнхий үсгүүдээр бичигдсэн байв. Түүнчлэн олон төрлийн өнгөтэй дүрснээс бүрдсэн эртний загвартай свитер, цанаар гулгаж буй тамирчны зурагтай эрэгтэй цамц зэрэг нь цуглуулгын сэдвийг далд утгаар дамжуулж байлаа.



Herve Leger by Max Azria

Алдарт "боолт" даашинзыг одоо танихын аргагүй болжээ. Дизайнер Любовь Азрия брэндийн онцлох хэв маяг болоод байсан тачаангуй төрхөөс холдохыг нэлээд хичээсэн бололтой. Түүний загварууд бараг л панк стильтэй болсон гэж хэлж болно. Хүмүүс "Боолт" даашинзаараа алдаршсан брэндээс ийм зүйл харна гэж санаагүй л болов уу.

Тэгэхдээ брэндийн гол элемент хэвээрээ үлджээ. Даашинзууд сунадаг резин материалаар хийгдсэн байна. Зөвхөн тэдгээр резинууд Шотланд хэв маягтай дөрвөлжин хээтэй болжээ. Даашинзууд эмэгтэй хүний галбирыг илт тодотгохоо больсон байна. Бүсгүйчүүд даашинз дээгүүрээ уранхай кардиган цамц, хүрэм зэрэг олон давхар хувцас өмсөж, гоолиг биенээсээ хамаг анхаарлыг холдуулжээ. Харин шоуны эцэст цуглуулгын хамгийн сонирхолтой загварууд гарч ирсэн юм. Хэрчигдсэн цацагтай, гинжин чимэглэлтэй жийнсэн даашинзууд брэндийн хувьд цоо шинэ загвар болж чадлаа.

Ө.Тодгэрэл

2016-02-15, 16:00

  • Зураг: