Buro 24/7 тойм: Kenzo, pre-fall 2016

Нуугдаж буй луу

Бүтээлч захирал Кэрол Лим ба Умберто Леон нарын танилцуулсан шинэ цуглуулга Япон хэв маягтай болжээ. Каталогийн зургууд цуглуулгаасаа дутахааргүй сонирхолтой болсон харагдана

Каталогийн зураг дээрх бүсгүйчүүдийг анх харахад тэд бүжиглээд ч байгаа юм шиг, хоорондоо байлдаад ч байгаа юм шиг ойлгомжгүй харагдлаа. Нэг зураг дээр тэдний гар хоорондоо орооцолдож, нөгөө зураг дээр тэд дайчдын байрлал аван зогссон байх юм. Гэхдээ энэ бүгд мэдээж хэрэг цаанаа нарийн учир утга агуулж байгаа. Умберто Леон ба Кэрол Лим нар pre-fall цуглуулгаа Ази хэв маягтай болгохоор шийджээ. Тиймээс тэд зураг авалтдаа Япон соёл, тэдний кино урлаг, самурай гэх зэрэг янз бүрийн сэдэв оруулсан байна. Цуглуулгад багтсан бэлхүүсээрээ бүстэй урт цамц ба өргөн өмдний хослолоос кимоногийн шинж тэмдэг илт харагдах болно. Мэдээж хэрэг дизайнерууд өргөн бүс, өргөн ханцуй, том эрвээхий зангиа гэх зэрэг кимоногийн уламжлалт элементүүдийг загвартаа оруулаагүй ч гэлээ хувцасны өнгө, хээ, хоорондоо хосолсон байдал нь эрхгүй япон өнгө аяс мэдрүүлж байв.

Цуглуулгын бас нэгэн гол онцлог бол том хэмжээс юм. Том даашинз, сул цамц, трапеци хэлбэрийн өмд, нөмрөг мэт том куртка нь бүжиглэхэд ч тэр, хэн нэгэнтэй тэмцэлдэхэд ч тэр хөдөлгөөнд ямар нэг саад учруулахгүй байх нь ээ.

Ө.Тодгэрэл

2016-01-13, 17:00

  • Зураг: