Buro 24/7 тойм: Mary Katrantzou, намар-өвөл 2016

Гүнж ба ковбой

Мэри Катранзу шинэ цуглуулгаа хайр дурлалд зориулсан байна. Тодруулж хэлбэл кино дээр гардаг шиг адал явдалтай хайрын түүх дизайнерын цуглуулгаас мэдрэгдэх болно

Грек дизайнер Мэри Катранзу хэдэн улирлын өмнөөс эхлэн өөрийн хэвшил болсон хээ, угалзнаас түр татгалзахаар шийдсэн билээ. Тэр зөвхөн хээтэй ажиллах биш, харин загвар зохион бүтээх өргөн хүрээний чадвартай гэдгээ өөртөө болон эргэн тойрны хүмүүст батлахыг хүссэн. Дизайнер хэлсэн амандаа хүрч, нэг хэсэг энгийн загварууд бүтээж байсан ч тун удалгүй хайртай хээ рүүгээ эргэн орсон юм. Гэхдээ тэр тэдгээр хээнүүдээ 3D чимэглэл, төрөл бүрийн наамал болон этгээд эсгүүртэй хослуулах болсон. Мэри Катранзугийн энэ шинэ аргачлал маркд багагүй амжилт авчраад байгаа билээ.

Энэ удаагийн намар-өвөл 2016 цуглуулгын гол сэдвээр "хайр" тодорсон юм. "Энгийн нэг хайр биш, харин кино дээр гардаг шиг адал явдлаар дүүрэн хайр" хэмээн Катранзу тодруулж хэллээ. Эсрэг, тэсрэг талууд бие биендээ татагддаг тэрхүү мөнхийн романтик үйл явдал цуглуулгын үндсэн суурь болж өгчээ. Хөөрхийлөлтэй охин ба баян чинээлэг "аврагч" залуу, онц сурлагатан ба хулиган, удирдагч бүсгүй ба түүний ажилтан гэх зэрэг олон төрлийн схемтэй харилцаа кино дээр гардаг шүү дээ. Харин Мэри Катранзугийн хувилбар гүнж ба ковбойгийн тухай аж. Түүний загварууд тэгш хэм бүхий эсгүүртэй хэрнээ үзэсгэлэнтэй хээ, эффекттэй байж, хоёр ертөнцийг нэгтгэсэн харагдана.

Ө.Тодгэрэл

2016-02-23, 15:00

  • Зураг: