Buro 24/7 тойм: Proenza Schouler, pre-fall 2016

Испани аяс

Proenza Schouler-ын бүтээлч захирлууд болох Жек МакКоллоу ба Лазаро Эрнандес нарын pre-fall цуглуулгын танилцуулга Céline-ы танилцуулгатай зэрэгцэж, нэг өдөр олонд дэлгэгдлээ. Энэхүү цуглуулга нь тун удахгүй буюу зургаадугаар сарын 1-нд худалдаанд гарахаар товлогдоод байна

Нэг улирлаар түрүүлж явдаг загварын ертөнцийн хуучин системээс орчин үеийн дизайнерууд татгалзах болсныг бид уншигчиддаа нэг биш удаа дуулгаж байсан билээ. Vetements, Burberry, Gucci гэх зэрэг брэндүүд өөрсдийн загварын шоуныхаа хуваарийг энэ жилээс эхлэн өөрчилж, эрэгтэй эмэгтэй цуглуулгаа нэгтгэж байгаа юм. Дөнгөж саяхан pre-fall цуглуулгынхаа танилцуулгыг хийсэн Proenza Schouler ба Céline брэндүүд ч мөн адил тэрхүү шинэ тогтолцоог дэмжиж байна. Тэд pre-fall каталогоо олонд дэлгэсний дараахан шинэ загваруудынхаа борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь нэг төрлийн маш ухаалаг алхам юм. Ингэснээр масс зах зээлийн брэндүүд дизайнеруудын загварыг хуулбарлаж, урьдчилж худалдаанд гаргаж амжихгүй. Түүнчлэн дизайнеруудын шүтэн бишрэгчид шинэ улирлын загварыг худалдан авахын тулд бүтэн гурван сар хүлээх шаардлагагүй болно.

Proenza Schouler-ын цөөн хэдэн загвараас бүрдсэн pre-fall цуглуулгад Испани улсын хэв маяг шингэсэн харагдана. Энэ уур амьсгал нь том хэмжээтэй долгионтой хуниас, цэцгэн хээ ба хатгамал, намирсан уяа, хагас гэрэлтэх торон материал зэргээс мэдрэгдэж байгаа юм.

Buro.Mongolia

2016-05-13, 08:00

  • Зураг: