Buro 24/7 тойм: The Row, намар-өвөл 2016

Санаа зовох зүйлгүй

Загварын долоо хоног эхэлснээс хойш ихэнх дизайнеруудын цуглуулгаас хангалттай их тод өнгө олж харлаа. Заримдаа тэдгээр өнгөнүүд нь уйтгартай ч юм шиг санагдах юм. Харин энэ бүгдийн дараа The Row маркийн танилцуулгыг хараад сэтгэл тайвшрах шиг л боллоо

Олсен эгч дүүс өнгөрсөн жил цуглуулгаа Парис хотод танилцуулсан бол энэ удаад Нью-Йорк хотыг сонгожээ. Тэдний цуглуулга маш тайван, нүдэнд эвтэйхэн болжээ. Загварын долоо хоног эхэлснээс хойш ийм зэргийн минималист цуглуулга огт хараагүй санагдана. Энэхүү энгийн chic хэв маягийг бид Парисын загварын долоо хоног хүртэл олж харахгүй л болов уу. Учир нь Парист биднийг Кристоф Лемер хүлээж байгаа шүү дээ. Юутай ч дизайнер эгч дүүс энэ удаад цуглуулгынхаа хэв маягт тааруулсан танилцуулга хийжээ. Танилцуулгын үеэр эгч дүүс шоу-румын шалан дээр сууж байх зуур загвар өмсөгчид хөнгөхөн, бараг л хөвж байгаа мэт, алхаагаар загваруудаа танилцуулж байлаа. Энд загварын шоунууд дээр үзэгддэг үймээн, шуугиан огт байсангүй. Танилцуулга ерөнхийдөө маш тайван уур амьсгалтай байлаа.

Цуглуулгын голлох өнгө нь саарал, хул, хар гэх завсрын өнгөнүүдээс бүрджээ. Тэр дундаас бор савхин пальто болон дарсны улаан өнгөтэй хүрэм гэх хоёрхон загвар л бусдаасаа тодорсон. Бүх загварууд зөөлөн, гөлгөр дүрс ба эсгүүртэй байсан нь нүдэнд маш эвтэйхэн харагдаж байсан юм. Бие барьсан аль эсвэл хатуу, эвгүй зүйл нэг ч үзэгдсэнгүй.

Ө.Тодгэрэл

2016-02-18, 12:00

  • Зураг: