Buro 24/7 тойм: Versace, намар-өвөл 2016

Шинэ төрх

Versace-ийн хуучин, хэт тачаангуй хэв маягийг таалдаггүй байсан хүмүүс брэндийн шинэ төрхийг хараад бодлоо өөрчлөх болно. Донателла Версаче загварын ордондоо цоо шинэ амьдрал авчирлаа

Италийн загварын ордон хоёрхон улирлын дотор ингэж их өөрчлөгдөж чадсанд итгэхийн аргагүй мэт санагдана. Донателла Версаче сүүлийн хэдэн жилийн турш ноёрхож байсан тачаангуй хэв маягийг устгаж, эмэгтэй хүний хүч чадлыг харуулсан загварууд танилцуулах болсон. "Загварын үр нөлөөгөөр дэлхий ертөнцийг өөрчлөнө гэж үгүй, гэхдээ загварын ачаар эмэгтэй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өөрчилж, түүнд эрч хүч бэлэглэх боломжтой" гэж дизайнер хэлжээ.

Донателла Версаче брэндийнхээ өмнөх дүр төрхийг ор мөргүйгээр устгахын тулд үе шаттайгаар хөдөлсөн. Тэр цуглуулга бүрдээ жижиг өөрчлөлт оруулж, аажим аажмаар гялалзсан чимэглэлийг устгаж, нүцгэлсэн биеийг алга болгож, загварууддаа улам их цэргийн бас спорт аяс нэмэх болсон. Харин түүний өмнөх хавар-зун улирлын цэргийн сэдэвтэй цуглуулга жинхэнэ хувьсгал хийж, брэндэд шинэ амьдрал бэлэглэсэн юм.

"Тэрбээр дур булаам атлаа хүчирхэг" хэмээн Донателла Версаче намар-өвөл цуглуулгынхаа гол дүрийн бүсгүйг тодорхойлжээ. Түүний шинэ цуглуулгын төвд спорт загварын урт ханцуйтай, тод өнгийн хээтэй богино даашинзууд байлаа. Бусад загварууд ч мөн адил спорт сэдэвтэй болсон харагдана.

Ө.Тодгэрэл

2016-03-01, 13:00

  • Зураг: