Buro 24/7 тойм: Balenciaga, намар-өвөл 2016

Баленсиага эргэн ирлээ

Александр Вангийн орхисныг Денма Гвасалиа үргэлжлүүлэхдээ ѳѳрийн онцлогийг харуулсан гайхамшигтай орчин үеийн цуглуулга гаргаж, загварын ертөнцийг шуугиуллаа

Баленсиагагийн шинэ бүтээлч захирал Денма Гвасалиа ажлаа хүлээж аваад эхний зургаан сарыг Францын алдарт загварын ордны түүхийг судалж ѳнгѳрѳѳсѳн нь түүний цуглуулгаас илт мэдрэгдлээ. Баленсиагагийн загварын ордны таних тэмдэг болсон авангард хийц, дуурийн театрын мэт хүрэмнүүд, хонхон хэлбэртэй юбканууд, трапеци даашинз, их хэмжээний цэцэгс гээд бүгд түүний цуглуулгад орсон байна. Денма Гвасалиа Баленсиагад бүтээлч захирал хийхээс гадна ѳѳрийн брэнд болох “Vetements”-ээ давхар авч яваа. Түүний ѳѳрийн гарын үсэг болсон ѳвѳрмѳц шийдэл Баленсиагатай нэгдэн хосолсон нь 2016 онд гоёмсог хувцаслалт гэж юуг хэлэх вэ гэдгийг ѳѳрийн эрхгүй дахин нэг бодогдуулахаар байлаа.

Түүний хослол, гадуур хувцасны мѳр хэсэг нэг бол ѳргѳгдсѳн, нэг бол дугуйрч унжсан байх бѳгѳѳд загварууд бүхэлдээ элсэн цаг шиг хэлбэртэй болсон нь гайхамшигтай, кутюр хэв маяг руу тэмүүлсэн харагдлаа. Түүний жийнсэн хүрэм нь хүртэл энгийн биш, хэлхгэр эсгүүртэй, мѳргүй мэт шувт унжсан загвартай байв. Даашинзнууд анхаарал татахуйц их хэмжээний, олон тѳрлийн цэцэгстэй байх бѳгѳѳд тэдгээрийг хѳндлѳн судалтай эрээн тирко, эсвэл даашинзтай ижил хээтэй гуталтай хослуулан тайзнаа гаргасан. Цуглуулгыг дүгнээд хэлэхэд Гвасалиагийн загваруудын эд эс бүр нь маш орчин үеийн байлаа.

Buro.Mongolia

2016-03-07, 17:00

  • Зураг: