Бюро 24/7 тойм: Gucci, resort 2019

Эртний Романчуудын бүтээсэн Алискамп оршуулгын газарт

Gucci брэнд 2019 оны аяллын цуглуулгаа Францын Арль хотод танилцууллаа. Шоу бүрээрээ биднийг гайхшруулж чаддаг Алессандро Микеле энэ удаа аяллын цуглуулгаа тун сонирхолтой газар танилцуулахаар шийдсэн нь Арль хотод орших Эртний Романы оршуулгын газар байв. Алискампын оршуулгын газар нь зөвхөн Алессандро Микеле ч биш, урд өмнө нь алдарт зураач Ван Гог, Поль Гоген зэрэг уран зураачдын бүтээлч санааны эх үүсвэр болж байсан юм. Алессандро уг байршлын тухай "Алискамп бол Эртний Романы үеийн оршуулга төдийгүй, XVIII зууны үед хүмүүсийн салхилах дуртай газар байсан. Алискамп өөртөө хоёр төрлийн шинж агуулдаг, харин би ийм тэс өөр зүйлсийг агуулсан зүйлд дуртай" хэмээн тайлбарлажээ.

Оршуулгын газрыг чимэглэсэн ил гал, лааны сүүмийн харагдах утаа болон сүмийн дуулал, хонхны чимээ нь хоорондоо уусч, ховстох мэт уур амьсгалыг бүрдүүлж байлаа. Уг цуглуулгаас готик хэв маяг, шашны өнгө төрх ихээхэн мэдрэгдсэн бөгөөд Алессандро Микеле шоугаараа дамжуулан өнгөрсөн зууны соёл иргэншил болоод үхэл, үхлийн дараах амьдралыг сонирхолтой дүр төрхөөр илэрхийлэхийг зорьжээ.

Үндсэн элементүүд: Готик хэв маяг, урт даашинз, oversize эсгүүртэй хүрэм, Викториан үеийн бөмбөгөр мөр, баялаг хээ, хамба хилэн ба торон материал, кимоно загвартай даашинз, саатай чимэглэл, цацаг, барын хээ, үслэг хүрэм.

Үс засалт ба нүүр будалт: Байгалийн нүүр будалт, хайхрамжгүй үс засалт.

Үндсэн өнгөнүүд: Тод ягаан, ногоон, цэнхэр, пастель өнгийн хослол, алтан шар, улаан, нил ягаан.

Стилистик аргачлал: Хэтрүүлэгтэй загварчлал, олон давхарлах аргачлал, олон төрлийн хээ болон өнгийг нэг дор холих.

Аксесуар: Чокер зүүлт, загалмай хэлбэртэй хүзүүний зүүлт ба ээмэг, том нарны шил, өргөн бүс, торон бээлий, том загвартай ээмэг, чимэглэлтэй малгай.

Бүтээлч санааны эх үүсвэр: Готик урсгал, гранж хэв маяг, Католик шашин, Викториан хэв маяг.

 

Buro.Mongolia

2018-05-31, 14:02