Michel & Amazonka маркийн эгч дүүс дизайнерууд тун завгүй ажиллаж байна.
Саяхан Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлэгтэй хамтран капсул цуглуулга дэлгэж байсан Ч.Нямханд ба Ч.Мишээл өнөөдөр ээлжит төслөө танилцууллаа. Хаан Банкны эмэгтэйчүүдэд зориулсан "Glamour" кредит картны өвөрмөц дизайныг урласан тэд энэхүү хамтын ажиллагаандаа зориулж нийт 21 загвараас бүрдсэн шинэ цуглуулга бүтээжээ.
Michel & Amazonka маркийн 13 дахь цуглуулга болж буй энэ удаагийн шинэ загварууд "Glamour" картны гол санааг өөртөө агуулсан байлаа. Тэр нь орчин үеийн хүчирхэг эмэгтэй ба түүний амьдралын хэв маяг, сонголтууд юм. Дизайнеруудын нүдээр орчин үеийн эмэгтэй бусдаас өвөрмөц атлаа нэгэн зэрэг сонгодог шийдэл эрэлхийлж байна. Энэ нь бүх цаг үеийн гоо үзэсгэлэн гэгддэг Одри Хепбернийг санагдуулам эмэгтэйлэг эсгүүр болон Michel & Amazonka маркийн таних тэмдэг болсон гар аргаар хийгдсэн хээ хатгамлуудаас илэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл цуглуулгын даашинзууд нарийн бэлхүүс, дэрэвгэр хормой, өвдөг давсан урт гэх зэрэг маш сонгодог эсгүүртэй болсон хэдий ч, цэцгэн хээ ба хатгамлын ачаар дахин давтагдашгүй, өвөрмөц харагдаж байлаа.
Монгол үндэсний хэв маяг ба сонгодог эсгүүр ашиглах дуртай Michel & Amazonka-гийн загварууд үргэлж орчин үеийн уур амьсгал агуулдаг том давуу талтай. Эгч дүүс дизайнеруудын цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай мөн чанар, маркийн цуглуулга бүрт илэрдэг юм. Энэ удаад тэд дэлхийн загварын ертөнцөд тренд болж буй хуниастай деталь, хонхон ханцуй, корсет хэлбэрийн бүс ба бичигтэй элементийг загварууддаа орууллаа. Ингэхдээ дизайнерууд элемент бүрийн "тунг нь тааруулж", загварын ерөнхий сонгодог төрхийг хадгалж үлдсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт