Бюро 24/7 тойм: Vetements, намар-өвөл 2017

Vetements гэдэг нь францаар ердөө л “хувцас” гэсэн утгатай үг юм

Өнөөдрийг хүртэл загварын салбарынхан Демна Гвасалияг зөвхөн эрэгтэй эсгүүртэй гудамжны хувцас урлаж чаддаг хэмээн зэмлэдэг байсан бол түүний хоёр хоногийн өмнө танилцуулсан шинэ цуглуулгын дараа хүмүүс Vetements-ийн үүсгэн байгуулагчийг бага зэрэг галзуу гэж бодсон байх өндөр магадлалтай байна. Учир нь тэрээр дахин нэг удаа "гоё" ба "муухай"-гийн хоорондох заагийг өөрийнхөөрөө сүйтгэж чадлаа.

Демна Гвасалия тайзны ард ярилцлага өгөхдөө, "Vetements-д бид юүдэнтэй цамц ба гудамжны хувцастай салах ёс хийсэн байгаа. Бид одоо тийм загваруудыг дахиж бүтээхгүй. Гэхдээ бид үргэлж ямар нэгэн өдөр тутмын энгийн зүйлийг өөрсдийнхөө хэв маягт оруулж, бодит байдалтай нийцэх загвар урлахыг хичээж ирсэн. Тиймээс энэ удаад биднийг эргэн тойронд байдаг хүмүүсийн дресс-код дээр илүү төвлөрөхийг хүслээ" хэмээн  ярьжээ. Харин брэндийн шинэ цуглуулгаас харахад Гвасалия ах дүүсийг италийн чинээлэг ахмад насны эмэгтэй, польшийн номын санч, нигерийн таксины жолооч, Стокгольмын засварчид, Берлины өсвөр насны мазохистууд болон Шанхай хотын нисэх буудлын ажилчин бүсгүйчүүд тойрон хүрээлдэг бололтой.

Тайзан дээр гарсан модель бүрийг тайлбарлах нь утгагүй хэрэг байх. Ерөнхийдөө тэд бол Европын ямар ч хотын гудамжинд таарч болох бодит хүмүүс юм. Үүнээс илүү олон төрлийн элементтэй цуглуулгыг дэлхий урьд өмнө харж байгаагүй гэдэгт бид итгэлтэй байна. Анх харахад Демна Гвасалиягийн танилцуулсан загварууд нэлээд энгийн мэт санагдаж болох ч дизайнер үнэн хэрэгтээ хувцас бүрт ямар нэгэн зальтай деталь оруулсан байгаа. Тухайлбал НАТО-гийн цэргийн өмсгөлийн нуруун дээр "Тэр бол ердөө л цэрэг, тэр юунд ч буруугүй" гэх бичиг хатгагдсан бол урт үстэй металл хөгжим сонирхогч залуу oversize загварын жийнсэн хантааз өмсөж, харин үргэлж яарч явдаг оффис хатагтайн дүрийг Vetements-ийн стилист Лотта Волкова гүйцэтгэжээ.

Дүгнэж хэлэхэд Демна Гвасалия загварын ертөнцийн уламжлалт стандартуудыг сүйтгэсэн хэвээр байна. Ах дүү Гвасалиягийн сонгосон энэхүү этгээд стратеги үр өгөөжөө өгч байгаа цагт тэд улирал бүр хэний ч бодож олоогүй санаа танилцуулж, "гоё" ба "муухай" гэх ойлголтын хоорондох заагийг эвдсээр байх болно.

Үндсэн элементүүд: Пальто, спорт хүрэм, савхин цув, даашинз ба юбкатай хослол гэх зэрэг сүйрлийн сэдэвтэй өдөр тутмын хувцас.

Үс засалт ба нүүр будалт: Өдөр тутмын байгалийн нүүр будалт эсвэл огтхон ч нүүрээ будаж, үсээ янзлаагүй моделиуд.

Үндсэн өнгөнүүд: Хар, улаан, цэнхэр ба шар.

Стилистик аргачлал: Өдөр тутмын хувцсыг өөр өнцгөөс харах, брэндийн логог нийгмийн бүх давхаргын мөн бүх насны хүмүүсийн хувцсанд байршуулах.

Аксесуар: Урт бүс, эмэгтэй гар цүнх ба эрэгтэй дөрвөлжин цүнх.
Бүтээлч санааны эх үүсвэр: Өдөр тутмын суурь хувцаснууд, европын хотуудын нийгмийн бүлгүүд ба давхаргууд.

Buro.Mongolia

2017-01-26, 11:00

  • Зураг: