Бюро 24/7 тойм: Yeezy, намар-өвөл 2017

Каньегийн шинэ, сайжруулсан хувилбар

Өнгөрсөн жилийн Yeezy-гийн загварын шоу бүтэлгүйтлээр дүүрэн байж, жинхэнэ замбараагүй нөхцөл байдал үүсгэсэн. Юуны түрүүнд уг загварын шоу Нью-Йоркийн төвөөс нэлээд зайтай, нууцлаг газар зохион байгуулагдсан тул зочид зохион байгуулагчдаас олгосон автобусаар зорчих шаардлага гарсан. Тэд шоуны байршил руу хүрч очихын тулд бие засах өрөө нь ажилдаггүй, бохир автобусанд цаг гаруй түгжирсэн тул үүнээс болоод нэлээд бухимдуу байсан. Шоуны байршил дээр яваад очтол хурц нартай, халуун өдөр Канье Уэст шоугаа цагтаа эхлүүлэлгүй, зочдыг дахиад 90 минут хүлээлгэсэн байгаа. Энэ удаан хугацаанд зочдын бие тавгүйрхэж, загвар өмсөгч охид тайзан дээр ухаан алдан унаж эхэлсэн. Хамгийн гол нь ухаан алдан унасан охидод зочдоос өөр туслалцаа үзүүлэх зохион байгуулалтын алба байгаагүйд тэнд цугларсан хүмүүс нэлээд гайхжээ. Ийм зэргийн замбараагүй, хариуцлагагүй шоу зохион байгуулсан Уэстийг зарим зочид эсэргүүцэж, шоуг дуусахаас нь өмнө хаяж гарсан байдаг.

Энэхүү аймшгийн дүр зурагтай харьцуулбал энэ жилийн шоу ямар нэгэн асуудалгүй, харьцангуй амжилттай болж өнгөрлөө. Канье яг л мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг хүлээж авсан мэт өөрийгөө эерэг өнцгөөс харуулж чадлаа. Шоуны эхний хагаст үзэгчид дизайнерын бэлтгэсэн богино хэмжээний кино үзсэн бол, хоёрдугаар хагаст моделиуд загварын тайзнаа гарч ирэн, Calabasas хэмээн нэрлэгдсэн шинэ цуглуулгыг танилцуулсан юм. Олон тооны халаастай жийнсэн өмд, ямар нэг бичигтэй юүдэнтэй цамц, adidas брэндийн логотой хөвөнтэй цамц зэрэг нь шинэлэг биш ч, Каньегийн хувьд шинэ эрин эхлүүлж байгаа муугүй загварууд болсон харагдана.

Үндсэн элементүүд: Юүдэнтэй цамц, хөвөнтэй цамц, жийнсэн материалтай цамц, жийнсэн өмд, нарийн мөртэй майка, өндөр өсгийтэй урт түрийтэй гутал, жижиг гар цүнх, кет

Үс засалт ба нүүр будалт: Бага зэрэг чийглэл, саармаг өнгийн нүүр будалт

Үндсэн өнгөнүүд: Усан цэнхэр, хаки ногоон, камуфляж, хар ба цагаан

Стилистик аргачлал: Өндөр өсгийтэй гутлыг спорт хэв маягийн хослолтой зохицуулан өмссөн шийдэл, нэг өнгийн дүр төрх, улаан өнгийн бэлтгэлийн өмд, ба үслэг хүрмийг спорт хүрмийн гадуур өмсөх мэргэн ухаан

Аксесуар: Саравчтай малгай, урт түрийтэй өндөр өсгийтэй гутал, кет

Бүтээлч санаан эх үүсвэр: Нью-Йоркийн гудамжны стиль, Калифорнийн орчин үеийн загварын ертөнц, спорт өмсгөл

Buro.Mongolia

2017-02-17, 16:00

  • Зураг: