Миланы намар-өвөл 2024 улирлын эрэгтэй загварын долоо хоногт JW Anderson брэнд шинэ цуглуулгаа танилцууллаа. Жонатан Андерсон бол энэ цаг үеийн шилдэг дизайнеруудын нэг яахын аргагүй мөн. Тэрээр JW Anderson брэндийн үүсгэн байгуулагч төдийгүй одоогийн хамгийн It брэндүүдийн нэг Loewe-гийн бүтээлч захирал билээ. Мөн тэрээр загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг The Fashion Awards-ын 2023 оны шилдэг дизайнераар өргөмжлөгдсөн юм.
Андерсон энэ удаагийн цуглуулгаа “Eyes Wide Shut” киноноос сэдэвлэн бүтээжээ. Николь Кидман болон Том Круз нар тоглодог, Стэнли Кубрик найруулагчийн 1999 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү бүтээл нь эротик, сэтгэл зүйн драма болон триллер төрлийнх бөгөөд киноны уур амьсгал цуглуулгын хэсэг бүрд шингэжээ. “Би өмнө нь хэзээ ч киног эхлэлийн цэг болно гэж бодож байсангүй” хэмээн Андерсон дурдаж анх удаа дэлгэцийн бүтээлээс хувцас урлах сэдэл авснаа илэрхийлсэн байна. Тэр дундаа уг бүтээл дээр гардаг уран зургууд Жонатаны анхаарлыг ихээр татсан ба энэ нь найруулагч Кубрикийн гэргий Кристин Кубрикийн туурвил гэнэ. Ингэхдээ дизайнер цуглуулгынхаа ажилд орохоосоо өмнө Кристин Кубриктэй өөрийн биеэр хүртэл уулзаад амжжээ.
Цуглуулгаас нэвт гэрэлтсэн материал, улаан өнгө, дотуур өмдөө гадаа өмсөх уриалга гэхчлэн одоогийн загварын ертөнцөд дэлгэрээд буй чиг хандлагууд харагдана. Андерсон эрэгтэй хүнд шилэн трико өмсүүлэх зэргээр зоригтой өөрчлөлтийг хийж, маш бүтээлч байж чаддаг ч аль цэгт хүрээд зогсохоо сайн мэддэг. Тиймдээ ч түүний загварууд онцгой, өвөрмөц хэр нь өдөр тутамд өмсөж болохуйц байдаг юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт