Jason Wu жил хагасын дараа үзэсгэлэнт цуглуулгын хамт эргэн ирлээ

Хавар-зун 2020

Загварын бизнест 12 жил ажиллахдаа дизайнер Жейсон Ву анх удаа амралтаа аван жил хагасын дараа шинэ цуглуулгаа танилцууллаа. Тэрээр амралтынхаа үеэр Грек, Итали, Испани орнуудаар аялсан бөгөөд Нью-Йорк хотод буцаж ирэхдээ шинэ санаануудаар дүүрэн байсан нь хавар-зун 2020 цуглуулгад тусгалаа олжээ. Цитрусын шар өнгөтэй тренч цув, тэнгэрийн цэнхэр даашинз, шүрэн ягаан юбкатай хослол зэрэг нь дизайнерын өөдрөг уур амьсгалыг илтгэхээс гадна нэг өнгөөр дагнан монохром хувцаслах санааг дэвшүүлж байлаа.

Жейсон Вугийн бүх загварууд маш нарийн нямбай хийцтэй байдгийг шүүмжлэгчид үргэлж онцолдог. Иймд шинэ цуглуулга дахь сагсгар ирмэгтэй, хуниастай, үрчлээстэй загварууд ч хүртэл маш нямбай, цэмцгэр харагдаж байсанд гайхах зүйл үгүй биз ээ. Ву энэ удаагийн загваруудаа илүү гурван хэмжээст харагдуулах зорилгоор ийнхүү үрчийж, хуниралдсан материал ашигласан хэдий ч материалаас үл хамааран загварууд галбирыг улам гоолиг харагдуулах, намирсан, романтик хийцтэй болж чаджээ. Хэрвээ Вугийн загваруудыг ойроос ажиглах юм бол яг л кутюр загвар мэт маш нарийн детальтай, нүдэнд зөөлөн, тааламжтай болох нь анзаарагдах болно.

Buro.Mongolia

2019-09-09, 13:00