Домогт дизайнер Жан-Поль Готьегийн сүүлчийн загварын шоу

"Кутюр загварын хаан" Парисын загварын тайзтай салах ёс гүйцэтгэлээ

Нэг хоногийн өмнө Парисын алдарт Шатле театрт алдартнууд, дизайнерууд, инфлюенсерүүд хуран цугларч ойрын хугацаанд мартагдахааргүй, түүхэн загварын шоуны гэрч боллоо. Эхний эгнээнд суудлаа эзэлсэн үзэгчид Белла ба Жижи Хадид, Дита фон Тиз, Пэрис Жексон зэрэг үзэсгэлэнт бүсгүйчүүдийг санаанд оромгүй, гайхалтай хувцаснуудаар гоён тайзнаа алхахыг харж суусан нь бүгд домогт дизайнер Жан-Поль Готьегийн дахин давтагдашгүй бүтээлүүд байсан юм.

Гэхдээ энэхүү шоу нь хүрэлцэн ирсэн зочид, оролцсон загвар өмсөгчдөөрөө онцгойрсон юм биш харин "кутюр загварын хаан" гэгддэг Жан-Поль Готьегийн сүүлчийн загварын шоу болсноороо түүхэнд бичигдсэн юм. Загварын салбарт 50 жил ажилласан тэрээр ийнхүү сүүлийн удаа үзэгчдэд мэхийн ёслолоо.

Өдгөө 67 настай дизайнер энэ сарын 17-ний өдөр өөрийн Twitter хуудсаараа дамжуулан "Энэ шоу нь миний карьерын 50 жилийн ойг тэмдэглэхийн зэрэгцээ миний сүүлчийн загварын шоу байх болно" хэмээн мэдэгдсэн юм.

Энэхүү үйл явдал нь домогт дизайнерын шүтэн бишрэгчид төдийгүй загварт хайртай хэн бүхнийг гонсойлгоод авсан ч, The Guardian сонины мэдэгдэж буйгаар дизайнер хаачаа далд хийх хараахан болоогүй бөгөөд цаашид загварын шоу зохион байгуулахгүй ч өөрийн загвар болон үнэртний бизнест анхааран, шинэ төслүүд дээр ажилласаар байх болно гэнэ.

Buro.Mongolia

2020-01-24, 13:40