Emilio Pucci-гийн шинэ бүтээлч захирал Массимо Жоржетти Миланы загварын долоо хоног дээр брэндэд зориулсан хоёр дах цуглуулгаа танилцууллаа. Тэрбээр загвар өмсөгчдийг газар доорх лусын хаант улс уруу аваачиж, шинэлэг бөгөөд эрч хүчтэй загваруудаар чимлээ
Өмнөх бүтээлч захирал Питер Дундасын брэндэд шингээж амжсан тод хээнүүд болон тачаангүй хэв маягаас Жоржетти татгалзаж, оронд нь илүү даруухан төрхүүд санал болголоо. Тэрбээр хээний оронд далайн од, дун, шүр, ба цэцэгсийн зургууд ашиглажээ. Мөн түүний цуглуулгын гэрэлтдэг материал бүхий загварууд огтхон ч тачаангүй биш харин энгийн бөгөөд дэгжин харагдсан. Учир нь Жоржеттигийн бодлоор тачаангуй гэх ойлголт high fashion ертөнцөд аль хэдийнэ хоцрогдсон аж.
Жоржеттигийн эхний хоёр цуглуулгаар дүгнэж харахад тэр тод өнгө, гэнэтийн зохицолдоо, хоолойтой эсвэл энгийн цамц дээр давхарлаж өмссөн даашинз, тод зургууд, сэдэв бүхий хээ, торон нэхээс зэрэг элементүүдэд дуртай нь ажиглагдлаа. Чухамдаа түүний өмнөх дизайнераасаа огцом ялгарах стиль мөн цуглуулга болгондоо шинэлэг загварууд танилцуулдаг чанар нь авууштай санагдлаа. Түүнчлэн мэдээж хэрэг түүний загварууд зөвхөн тод өнгийн, өдөөн хатгасан биш мөн нарийн оёдолтой, өндөр зэрэглэлийн чанартай харагдаж байлаа. Харин цайвар цэнхэр өнгийн загас, яст мэлхий, далайн залхаг зэрэг зургуудаар чимэглэгдсэн торон даашинзыг бүр төгс гэж хэлэхэд болохоор байв.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт