Miu Miu, хавар-зун 2021

Тахлаас үүдсэн тусгаарлалт өсвөр насныхан, залуучуудад хүндээр тусч байгаа. Сургууль орохгүй, спорт, сонирхолтой уралдаан тэмцээн байхгүй, үүрийн гэгээ хүртэл үргэлжилдэг зуны зугаатай үдэшлэгүүд зохиогдохгүй. Тэдний хувьд  Zoom, FaceTime нийгмийн харилцааг орлож байгаа ч хэзээ ч жинхэнэ амьд харилцааг гүйцэхгүй нь мэдээж. 

Miu Miu энэ удаагийн коллекцио үзэгчгүйгээр, Миланаас онлайнаар шууд цацсан юм. Тэд брэндийн нүүр царай болж байсан Эль Фаннинг, Клоуи Севиньи болон бусад олны танил инфлюэнсерүүдийг онлайн шоундаа урьсан байна. Миучча Прада энэхүү цуглуулгадаа залуу охидын гоо үзэсгэлэн, залуу насыг буулгахыг хичээхийн зэрэгцээ энэ жил цар тахал тэднээс "булаан авсан" дүрэмт хувцсыг нь загварууддаа тусгаж өгөхийг зорьжээ. Мөн тэрээр өдөр тутмын спортлог загваруудыг албаны хээнцэр загваруудтай хольж, хоёр туйлыг үзүүлэхийг хичээсэн байна.

Тэрээр хэлэхдээ "Хүмүүс заримдаа бусдад таалагдах гэж, секси харагдах гэж, нийгэмтэйгээ хөл зэрэгцэх гэж, эсвэл зүгээр л ажлын шаардлагаар хувцасладаг. Хувцас чамайг хормын төдийд тодорхойлох илэрхийлэмж болдог учир их чухал. Мөн чиний илэрхийлэхийг хүссэн санааг илтгэж өгдөг хэрэгсэл юм" хэмээн онцолсон байна. Тиймээс Прада одоогийн "Euphoria" үеийнхний загварлаг хувцаслалтын гарын авлага гэж хэлж болох сул бэлтгэлийн өмд, дэгжин хүрэм, богино юбка, жижигхэн өсгийтэй пүүз, спортлог хүрмүүд, бомбер хүрэм, сургуулийн дүрэмт хувцсыг санагдуулам сорочкан цамц, шоотой юбка зэргийг онцгойлон цуглуулгадаа оруулжээ.

Buro.Mongolia

2020-10-12, 12:21