MPDU Digital Fashion week: АТОЗ брэндийн хавар-зун 2021 цуглуулга

"Alice in Wonderland" зохиол AТОЗ брэндийн цуглуулгад биелэлээ олсон нь

MPDU Fashion Week буюу Монголын загварын долоо хоногийн дѳрѳв дэх өдөр үргэлжилж байна. Тавдугаар сарын 29-ны энэхүү бүрхэг өдрийг гэрэлтүүлэхээр АTOЗ брэнд цуглуулгаа ил болголоо. Тэд сүүлийн үед халуун ярианы сэдэв болоод буй тогтвортой фэшн буюу байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримтлан цуглуулгаа бүтээжээ. Тодруулбал, AТОЗ-ын дизайнерууд шинээр түүхий эд худалдаж авалгүйгээр олон жил шүүгээнд хэвтсэн өөрт байгаа материалуудаа ашиглаж хүрээлэн буй орчноо бохирдуулахгүй байхыг урьтал болгосон байна.

Цуглуулгад багтсан загвар бүр өөрийн гэсэн өнгө аяс, эсгүүртэй, материалыг уламжлалт бус аргаар ашигласан өвөрмөц хийцтэй хэдий ч бүгдээс нь ATOЗ брэндийн үндсэн хэв маяг давхар ажиглагдаж байлаа. "Байгаа материалаа хөгжүүлэхийн тулд загвар дээрээ тоглолт хийх шаардлагатай болсон бөгөөд байдаг л нэг хувцаснуудыг хийхийг хүсээгүй. Ханцуйн хэлбэр дээр ч тэр, өмдний шуумаг дээр ч тэр анхаарсан ба нарийхан бүсийг өндөр болгож энгийн захыг онцгой хэлбэр, дүрстэй болгохыг хичээж ажилласан" хэмээн AТОЗ брэндийн үүсгэн байгуулагчдын нэг, загвар зохион бүтээгч Л.Амаржаргал онцолсон юм.

Хавар-зун 2021 цуглуулгад багтсан загваруудаас "Alice in Wonderland" зохиол дээр гардаг үлгэрийн орныг санагдуулам жижиг дүрснүүдтэй цагаан даашинзыг онцолж байна. Тус даашинз дээрх дүрснүүдийг зориулалтын даавууны будаг ашиглан өөрсдийн гараар буджээ. Мөн тэд ихэнх загварууддаа нарийн ажиллагаа шаардагддаг резинийг оруулсан бөгөөд жижиг деталь, чимэглэлдээ маш их цагийг зориулан сэтгэлээ шингээн урласан байна.

Харин видео зураг авалтыг цуглуулгынхаа өнгө аясад тохируулан уран зураг шиг орчин бүрдүүлж хийсэн байлаа. "Бид уламжлалт runway видео хиймээргүй байсан тул ямар нэг онцгой зүйлийг харуулах гэж зорьсон. Өрнөл бүхий зохиолтой кино шиг бүтээлийг хийхийг хичээсэн" хэмээн AТОЗ-ын үүсгэн байгуулагч, дизайнер А.Энхцацрал хэлсэн юм.

Ингээд шинэ цуглуулгыг танилцуулсан видеог хүлээн авна уу.

Directed by blguneehiroshi

DOP Kito

Video by SSPIRITOJ team

Music by Uudee’s

Hair Stylist No78 Studio

Graded & Edited by blguneehiroshi & Pujefyd

Special thanks Flora Flower Shop, Eenee

Strategic Partner EDEN brand

Б.Энххүслэн

2021-05-29, 10:46

  • Зураг: blguneehiroshi