MPDU Digital Fashion week: SOYO "Gamer" цуглуулга

SOYO брэнд тав тух болон загварлаг байдлыг нэгтгэсэн цуглуулгаа танилцууллаа

SOYO брэнд хавар-зун 2021 цуглуулгаа "Gamer" нэрэн дор MPDU Digital Fashion Week-н дөрөв дэх өдөр танилцууллаа. Тэд цуглуулгынхаа загваруудыг энгийн атлаа эрхэмсэг байлгахыг зорьсон бөгөөд ингэхдээ тав тухтай байдлыг эрхэмлэсэн байна. "Ковид-19 цар тахал дэгдэж дэлхий даяар хөл хорионы дэглэмд шилжихэд дийлэнх хүмүүс өөрт эвтэйхэн, энгийн хувцаснуудыг сонирхож, хэрэглэх болсон. Иймд бид хүн бүрд тав тухтай мэдрэмжийг төрүүлэх oversize загваруудыг түлхүү бүтээсэн бөгөөд материалын хувьд мөн л биед эвтэйхэн даавууг ашигласан" хэмээн SOYO брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Д. Энхмаа тайлбарлалаа. Түүнчлэн тэд сүүлийн үед чиг хандлага болоод буй "unisex" буюу хүйсгүй загваруудыг цуглуулгадаа багтааж онцгойрлоо.

Цуглуулгын загваруудаас бүтээлч шийдэлтэй хантаазыг онцолж байна. Хар, саарал өнгийн тус хантаазыг цуглуулгын зураг дээрх шиг пиджак болон hoodie цамцтай загварчлах боломжтой бөгөөд аль ч улиралд өмсөж болдгоороо давуу талтай.

Цуглуулгыг танилцуулсан зураг болон видеог Coziestone студийн хамт олон хариуцаж нүүр будалт дээр SCUTI MAKE UP ажилласан бол үс засалтыг Оюунчимэг хийж гүйцэтгэсэн байна. Харин дуучин Amra (@amrashk) болон Төгөлдөр (@about.tugi) нар моделиор ажиллаж цуглуулгын загваруудыг амилуулжээ. SOYO брэнд хавар-зун 2021 загваруудаа зургадугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм.

Б.Энххүслэн

2021-05-29, 15:57