Нью-Йоркийн загварын долоо хоног: 3.1 Phillip Lim, хавар-зун 2017

Гол трендүүд ба агшнууд

Нью-Йоркийн загварын долоо хоног үргэлжилж байна. Бид энэ удаад 3.1 Phillip Lim хавар-зун 2017 цуглуулгын тоймыг бэлдлээ

Филлип Лимийг загварын ертөнцийн ахмад дизайнеруудын нэг гэж хэлэхгүй ч тэр шинэ, залуу ирээдүйтэй авьяастнуудын тооноос гараад удаж байна. Өнгөрсөн жил тэрээр мэргэжлээрээ ажилласан 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ.

Тэр 2017 оны хавар-зуны цуглуулгадаа ноднингийнхоос илүү олон янзын бүтэц, хэлбэр дүрсийг танилцууллаа. Цуглуулга хэдэн хэсэгт хуваагдсан ба яг ар, араасаа маш оновчтойгоор гарч ирж байсан юм. Жишээ нь бүхэлдээ цэцэгтэй дүр төрхүүд нэг өнгийн хувцаснуудаар солигдож, араас нь жийнсэн цуглуулга танилцуулагдсан.

Тайзан дээр цасан цагаан даашинз, нүцгэн бие дээрээ цээживч, дотуур хувцасны стильтэй шорт, цэцгэн хээ ба судалтай комбинезон өмссөн загвар өмсөгчид алхалж байлаа. Аль ч орны орчин үеийн бүсгүйн хувцасны шүүгээг бомбергүйгээр төсөөлшгүй. Тэгвэл энэхүү бомберууд 3.1 Phillip Lim-ийн цуглуулгад сонгодог, арьсан, торгон, цав цагаан эсвэл тас хар гээд хэд, хэдэн хувилбараар харагдсан.

3.1 Phillip Lim цуглуулгыг холбосон гол элемент нь ихэвчлэн арьс байдаг. Энэ улиралд дизайнер тус материалаар хангалттай туршилт хийжээ. Үр дүнд нь арьсаар хийсэн даашинз, цээживч,юбка ба гадуур хувцаснууд бий болсон байна. Филлип Лим тэгш бус хэмтэй бүх оноонууддаа цахилгаан хийж өгчээ. Загварын шоуны төгсгөлд харагдсан нимбэгэн шар өнгөтэй сонгодог хүрмүүд, торон нэхээстэй даавуун даашинзууд ба уртасгасан хантаазууд нь цуглуулгын бас нэг онцлог болсон юм.

Дашрамд дурдахад, Филлип Лим Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн хүсэлтийг дагахаар шийдсэн бололтой. Дизайнер энэ улирлын загварын шоундаа дөнгөж карьераа эхэлж байгаа, олон үндэстний залуу загвар өмсөгчдийг сонгосон байна. Тайзан дээр нэг ч алдартай гэр бүлийн өв залгамжлагчид ба цуутай одууд байсангүй.

Buro.Mongolia

2016-09-14, 16:00

  • Зураг: