Загвар, гудамж хоёрын нийлбэр
Нью-Йоркийн загварын долоо хоног дээр гудамжны спорт хэв маяг ноёрхож байна. Ихэнх брэндүүдийн сонгож байгаа энэ давалгаанаас DKNY ч бас хоцорсонгүй
Өнгөрсөн 2015 оны есдүгээр сард DKNY брэндийн бүтээлч захирлуудаар томилогдсон Дао-И Чоу, Максвелл Осборн нар өчигдөр өөрсдийн гурав дах цуглуулгаа танилцууллаа. Сануулж хэлэхэд дизайнеруудыг энэхүү албан тушаалд Donna Karan International компаний ерөнхий захирал Кэролайн Браун урьж авчирсан бөгөөд энэ нь DKNY маркийн хэв маягийг орвонгоор нь эргүүлэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэх зорилгын дагуу хийгдсэн шийдвэр юм.
DKNY маркийн хавар-зун 2017 цуглуулгаа "Загвар, гудамж хоёрын нийлбэр" гэх тун ойлгомжтой үгээр томъёолжээ. Чоу ба Осборн нар энэ удаад өөрсдийн нэрийн брэнд Public School-ын хэв маягийг DKNY руу авчрахаар шийдсэн байна. Хамгийн гол нь энэхүү гудамжны хэв маяг Донна Караны гоо зүйн мэдрэмжтэй нийцэх болов уу? Гэхдээ цуглуулгад зөвхөн гудамжны гэлтгүй, мөн DKNY-ын бэлгэ тэмдэг болсон нарийхан босоо судалтай хээ, модуль тусгаарлалт, спорт хослолын деталиуд гэх зэрэг сонгодог элементүүд орсон нь шоуны уур амьсгалыг тэнцвэржүүлж өглөө. Цуглуулга ерөнхийдөө бие барьсан спорт топ ба шоорт, хагас гэрэлтэх легинс болон синтетик материалтай малгайтай цамцнаас бүрдсэн байлаа.
Загварын шоу дуусмагц шүүмжлэгчид "төгс галбир" загварын ертөнцөд эргэн ирж байна хэмээн шуугилдах болсон. Учир нь шоунд оролцсон моделиуд яг л Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд шиг харагдаж байлаа. Белла Хадид шоуг нээж бас хаасан бөгөөд түүнээс гадна Тейлор Хилл, Стелла Максвелл, Имаан Хаммам гэх зэрэг алдартай моделиуд тайзан дээр алхлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт