Тансаг зэрэглэлийн гудамжны стиль
Balenciaga-д зориулсан хоёр дахь цуглуулгадаа Демна Гвасалия фетишизмийн сэдвийг хөнгөхөн хөндлөө. Спандекс ба латекс материал бүхий бие барьсан загварууд ихэвчлэн хөргөгч шиг том цув, пальтотой хосолсон байлаа
Дизайнер хэдхэн сарын өмнө эрэгтэй загварын хаврын цуглуулга дээр ажиллаж байх үедээ Balenciaga ордны архиваас үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиагагийн өөртөө зориулан бүтээсэн аварга хэмжээтэй, шар-бор өнгийн пальто олж, уг загварыг цуглуулгынхаа гадуур хувцасны суурь болгохоор шийджээ. Үүнээс үүдээд тэр хаалга мэт дөрвөлжин хэлбэртэй эсгүүрүүд гаргаж, эрчүүдийг өлгүүр шиг мөртэй загвараар гоёх болсныг та бүхэн бидний хүргэж байсан тоймоос санаж байгаа байх.
Хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан эмэгтэй загварын хаврын шоу түүний эрэгтэй цуглуулгын үргэлжлэл болж, мөн адил том хэмжээтэй гадуур хувцаснууд танилцууллаа. Пальто, пиджак, нимгэн топ ба даашинзын мөрнүүд бүгд өргөн бас шөвгөр хэлбэртэй байлаа.
Фетишизмийн сэдвийг Balenciaga ордон урьд өмнө нь туршиж байсан гэхэд хилсдэхгүй байх. Үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиага үргэлж эмэгтэй хүний галбирыг тодотгодог загваруудад дурласаар ирсэн. Тухайн үед тэр торго ашигладаг байсан бол, өнөөдрийн бүтээлч захирал Демна Гвасалия спандекс материалыг өнгө, өнгөөр нь онцолж байна. Түүний фетиш өнгө аяс шинэ цуглуулгын өндөр өсгийтэй, легинс маягийн түрийтэй гуталнаас анзаарагдах болно. Тод ба жигд өнгөтэй эдгээр гуталнуудын засвар нэг ширхэг ч шүдэнз багтахгүй мэт тийм бариу харагдаж байлаа. Эдгээр бие барьсан загварууд брэнд рүү шинэ төрлийн хэрэглэгчид татах нь гарцаагүй юм.
Гвасалиягийн санал болгох загваруудыг зарим хүмүүс өсвөр насны хүүхдийнх шиг утгагүй хэмээн хүлээн авдаг бол, харин зарим нь cool гэх үгний хамгийн тод илэрхийлэл мэт үздэг. Энгийн загваруудаас аль хэдийнэ уйдсан, үргэлж ямар нэгэн шинэлэг бас этгээд зүйл хайж байдаг загварын салбарын бүсгүйчүүдийн хувьд Демна Гвасалия, Vetements ба Balenciaga брэндүүд орчин үеийн хамгийн шилдэг сонголт болоод байгаа. Тэд дизайнерын гаргах загвар бүрийн араас цаг алдалгүй шуурч, хормын зуур худалдан авч дуусгадаг. Ерөнхийдөө Гвасалиягийн нэвтрүүлж буй энэхүү этгээд хэв маяг Balenciaga ордныг бусдаас эрс ялгаруулж, хаанаас ч харсан танигдахад хялбар болгож, борлуулалтад эерэгээр нөлөөлж байгаа нь нууц биш юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт