Бид шинэ цуглуулгын загваруудыг туршиж үзлээ
Залуусын хайртай S.M.O.K брэнд хүлээлт үүсгээд байсан шинэ цуглуулгаа танилцууллаа. Тиймээс BURO.-гийн хамт олон шинэ загваруудыг өөрсдийн биеэр туршиж үзэн, онцлог зүйлсийнх нь тухай танилцуулахаар бэлтгэлээ
Улаанбаатар хот дахь гудамжны cоёл, тэр дундаа streetwear хэв маягийн гарал үүслийг судалбал эргэлзээгүй S.M.O.K брэндтэй холбогдоно. Монгол үндэсний хэв шинжийг гудамжны загвар, хип хоп урсгалтай уусгасан загваруудыг анх санал болгож эхэлсэн S.M.O.K брэнд 2013 онд нээгдсэн даруйдаа хотын cool залуусын өмсөх дуртай брэндийн нэгээр нэрлэгдэж, олон нийтийн сүлжээнд Улаан Жамсраны зургаар чимсэн юүдэнтэй цамц, “Ulaanbaatar” гэх бичиг бүхий beanie малгайгаар гоёсон залуусын давлагаа үүсгэсэн билээ. Яг л энэ үеэс эхлэн Улаанбаатарын залуус гудамжны хувцаслалтын өөрсдийн гэсэн хэв маяг, соёлыг бүтээж эхэлсэн болов уу. Тэгвэл энэ бүх суурийг тавьж өгсөн S.M.O.K брэнд хэсэг хугацаанд завсарласны эцэст цоо шинэ цуглуулгаа саяхан худалдаанд гаргасныг дуулгахад таатай байна.
Бид шинэ цуглуулгын загваруудыг өөрсдийн биеэр туршиж чанар, хийц, эсгүүр, биед эвтэйхэн байдал зэргийг нь сайтар судалж үзлээ. Урьд өмнөх цуглуулгуудтай харьцуулбал материал, хийцийн хувьд өндөр шаардлага хангахуйц, дизайны хувьд хүйс үл хамааран хэн ч өмсөж болох, биед суулт сайтай болсон нь ажиглагдлаа.
Юуны өмнө шинэ цуглуулгад брэндийн үндсэн илэрхийлэл болсон "Улаан Жамсран" бурхан, Япон ханз үсгээр галигласан "Улаанбаатар" бичиг болон брэндийн логогоор чимэглэсэн дугуй энгэртэй цамц, юүдэнтэй цамц, футболка, бомбер хүрэм, цув зэрэг хүйс үл хамаарах unisex загварууд багтжээ. Хамгийн гол нь S.M.O.K брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер О.Анхбаяр өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан илүү чанартай, илүү нарийн детальтай цуглуулга бүтээсэн нь загваруудыг ойроос харан, гараараа тэмтэрч үзэхэд л шууд мэдэгдэнэ. Дээд зэргийн хөвөн даавуун материалаар урласан футболка нь зуны улиралд өмсөхөд биед зөөлөн, хөнгөн мэдрэмж төрүүлэхээс гадна хөдөлгөөн хорихгүй, үрчийж хуниралдах нь бага байсан бол зузаан юүдэнтэй цамц, салхинаас хамгаалах цув, бомбер хүрэм зэрэг нь сэрүүн зуны орой, хүйтэн улиралд гээд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан өмсөх боломжтой, нэг үгээр бол практикт тун ойр хийцтэй болжээ.
Хар, цагаан, саарал, усан ягаан, хөх цэнхэр зэрэг баялаг өнгөний сонголттой загварууд нь сонгодог эсгүүр дээр суурилан биед зөв сууж өгдөг учир төрөл бүрээр загварчлан өмсөх боломжтой байлаа.
Тухайлбал график зурагтай хар футболкаг ижил өнгийн скинни жийнс, савхин хүрэм зэрэгтэй хослуулснаар тун хялбараар гранж дүр төрх бий болгох боломжтой бол брюк өмд, пиджакны хамтаар өмсвөл ажил хэрэгч атлаа чөлөөтэй хэв маягийг бүрдүүлж болно. Харин номин цэнхэр футболка, бомбер зэрэг нь цайвар цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй төгс хосолж харагдана. Мөн бусдаас ялгаран өвөрмөц хувцаслах дуртай залууст пастель ягаан загваруудыг санал болгох байна.
Үүнээс гадна цуглуулга дахь загвар бүрийг брэндийн лого бүхий улаан шошгоор чимэглэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж, хаанаас ч харсан S.M.O.K брэндийг илтгэж загваруудыг улам онцгой, үнэ цэнэтэй болгожээ.
S.M.O.K энэ удаагийн цуглуулгаараа бас нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь багачуудад зориулсан өхөөрдөм streetwear загварууд байсан юм. Цэнхэр болон усан ягаан өнгийн сонголттой, хүүхдийн биед тухтай, зөөлөн, дулаан мэдрэмж өгөх цэвэр даавуун цамц, футболкаг сонгосноор хүүхэдтэйгээ хослон хувцаслах боломжтой юм.
S.M.O.K-ийн шинэ загварууд HYB TRASH SHOP дэлгүүр болон онлайн худалдааны Avlaa.mn вебсайт дээр худалдаалагдаж байна.
S.M.O.K брэндийн шинэ загвараас хожих боломж
Энэ дашрамд дурдахад BURO. болон S.M.O.K брэндийн зүгээс азтай уншигчыг шалгаруулан цуглуугад багтсан пастель ягаан өнгийн дугуй энгэртэй цамцыг болон бяцхан хүүхдүүдэд зориулсан даавуун цамц, футболканы хамтаар бэлэглэхээр бэлдлээ. Хэрэв та азтан болохыг хүсвэл доорх болзлыг хангаарай:
1.Buro Mongolia болон S.M.O.K-ийн албан ёсны Facebook хуудсууд дээр like дарах
2. Buro Mongolia-ийн Facebook хуудас дээр нийтлэгдсэн "BURO-гийн редакторууд 7 хоногийн турш S.M.O.K брэндээр хувцаслалаа" хэмээх постыг share хийх
3. Buro Mongolia-ийн Facebook хуудас дээр нийтлэгдсэн "BURO-гийн редакторууд 7 хоногийн турш S.M.O.K брэндээр хувцаслалаа" хэмээх пост доор нэг найзыгаа mention хийх
Түүнчлэн энэхүү тэмцээн Instagram (@buromongolia) олон нийтийн тавцанд ч бас зохион байгуулагдаж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоорой.
Бид харин энэхүү нийтлэлийг бусадтай хуваалцсан хүмүүсийн нэрсийг авч 2019 оны 7 сарын 5-ний буюу маргааш 13:00-д тодруулах болно. Амжилт хүсье!
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт