Францын алдарт AIGLE брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр Шангри-Ла Моллд нээгдээд удаагүй байна. Тиймээс Бюро 24/7 тус дэлгүүрт зочилж жинхэнэ франц мэдрэмж, хэв маягаар дүүрэн AIGLE брэндийн нандин, тансаг бүхэнтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэлээ
Жинхэнэ франц мэдрэмж гэж юуг хэлэх вэ? Тэр бол амьдралаас үргэлж сэтгэл хангалуун мэдрэмж авдаг, бүхнийг гэгээлэг талаас нь харах чадвар юм. Үүнийг ч францууд өөрсдийн юм бүхнээр илэрхийлдэг. Тэд зөвхөн сайн дарс, тансаг хоол, уран барилга, урлагийн гайхалтай бүтээлүүд туурвиж, загварын ертөнцийг байлдан дагуулсан тансаг даашинз хийгээд зогсохгүй амьдралын эд эс бүхэнд мэдрэмжтэй байдлыг шингээдэг юм. Товчхондоо мөнхийн залуу сэтгэлгээ гэж хэлж болно.
Яг тийм залуу, эрч хүчтэй хэрнээ эгэл даруу төрхтэй хүмүүсийн дүр төрхийг бүтээхэд нэлээн онцгой брэнд хэрэгтэй. Энэ бол AIGLE брэнд юм. Анх 160 гаруй жилийн өмнө дэлхийн хамгийн чанартай, хүний биед нэн таатай зохицох усны гутал бүтээж эхэлсэн AIGLE брэнд өнөөдөр Европ, Америк, Ази тивд 150 гаруй салбар дэлгүүртэй эрэгтэй, эмэгтэй хүний болоод хүүхдийн хувцас үйлдвэрлэгч аварга том брэнд болжээ. Тэд ийнхүү дэлхийг хэрэн бүрхсэн том орон зайг бий болгохдоо өөрсдийн гэсэн хил хязгаар, амьдралд хандах философийг үүсгэсэн нь монголчууд бидний өнөөгийн дүр төрх, хүсэл зорилготой яв цав нийцэж байгаа юм.
AIGLE брэндийн хил хязгаар ба монголчууд
Монголчууд бол энэ дэлхий дээрх хамгийн аялах дуртай хүмүүс. Далай тэнгис хийгээд орчин үеийн аварга хотууд, уул нурууд, ой модод гээд байгалийн үзэсгэлэнт сайхан бүхэнд монгол хүний сэтгэл татагддаг. Тэгвэл AIGLE брэнд яг үүнтэй адил далайн эргээс их хот хүрч, тэндээсээ уулсаар хүрээлэгдсэн амьд байгалийн аль ч орчинд хүн өмсөхөд тохирохуйц чанартай хувцас бүтээдэг. Хувингаар ус цутгах мэт их бороонд үл ажирах усны гутал, борооны цувтай байхад ямар ч аялал илүү зугаатай санагдана. Дээр нь яг тийм ус, салхины хамгаалалттай тренч цув өмсөөд их хотын гудамжаар алхаж байхад бусдаас нэг л илүү тухтай мэдрэмжийг авч болно. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан, хүний биеийн дулааныг 37,5 хэмд барьдаг өндөр технологийн цамцтай байхад хэнд ч эрх чөлөөтэй мэдрэмж төрөх нь гарцаагүй. Дээр нь нэг хувцсыг дор хаяж гурван өөр янзаар өмсөж, гурван өөр орчинд хэрэглэж болох загвартай хувцаснууд AIGLE брэнд бүтээдэг нь хүмүүст бүр ч илүү таалагдах биз ээ.
AIGLE усны гутал өмсөж өсөөгүй франц хүн ховор
Хэрэв бид 1853 онд AIGLE брэнд хэрхэн үүсч байсан мөчийг эргэн харвал усан үзмийн талбайд ургацаа хурааж, хамгийн сайн чанарын дарс нэрэх гэж буй эгэл жирийн франц ахуйг санах хэрэгтэй. Усан үзмийн талбайд болоод далайн эргийн боомт хотуудад өдрийн турш чийгтэй газар ажилладаг хүмүүст чанартай усны гутал нэн чухал хэрэгтэй гэдгийг AIGLE брэндийн үүсгэн байгуулагч Хирам Хатчинсон олж харжээ. Тэрээр Charles Goodyear-ын эзэмшдэг каучук материалыг халааж боловсруулах патентийг худалдан авч, хүний биед ямар ч хор нөлөөгүй, дээд зэргийн чанартай усны гутал үйлдвэрлэж эхэлсэн байна.
Улмаар 1950 он гэхэд AIGLE-ийн усны гутал, борооны цув Францын хамгийн шилдэг сонголт болсон ба илүү хотын амьдралд тохирсон дэгжин загвартай усны гутал, спорт гуталнууд үйлдвэрлэж эхлэх болжээ. Өнөөдөр францад AIGLE-ийн усны гутал өмсөж үзээгүй франц хүн гэж бараг үгүй. Үүнийг AIGLE-ын зуун дамнасан чанар, цаг ямагт шинэчлэгдэж чаддаг чамин загварууд бий болгосон байна. Тиймээс өнөөдөр AIGLE-ийн усны гутлыг цэцэрлэгтээ мод, жимс тарьдаг хүмүүсээс эхлээд их хотод мотоцикль, дугуй унадаг залуу, хөгжмийн фестиваль зорин очигсод мөн хотын дэгжин иргэд гээд хэн бүхэн өмсөх боломжтой олон төрлийн загвартай болжээ.
AIGLE маягийн инноваци
AIGLE-ийн хил хязгаар зөвхөн хэт өндөр уулс, экстрим спортын талбарт хүрэлгүй зогсоно. Тиймээс тэд амьдралын маш олон нөхцөлд хүний биеийн тав тухыг алдагдуулахгүй байх хувцас, гутал зохион бүтээдэг. Шанри-Ла Молл дахь AIGLE-ийн бутикт байгаа хувцаснуудыг өмсөж үзэхэд загвар бүрийн эсгүүр нь монгол хүний биед сууж өгөх боломжтой нь харагдаж байлаа. Хувцасны оёдол нь маш нарийн хийгдсэн, ажиллагаа ихтэй гэдэг нь шууд л анзаарагдана. Тиймээс удаан хугацаанд өмсөж болох эдэлгээ сайтай, эрс тэрс цаг агаарын нөхцөлд өмсөхөд тохиромжтой юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Манай монгол шиг халуун, хүйтэн цаг агаар хосолсон газарт даарч хөрөхгүй, хөлөрч халууцахгүй "амьсгалдаг" хувцас хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ.
Мэдээж бид өвлийн өдөн хүрмийг хамгийн түрүүнд сонирхож үзсэн. "Өндөр технологийн Gore-Tex, MTD материалуудаар хийгдсэн AIGLE-ийн хүрэмнүүд нь ус, салхины хамгаалалттай, хөлс, чийг гадагшлуулж дулаанаа барьдаг" гэдгийг дэлгүүрийн худалдааны зөвлөх хэллээ. Харин AIGLE-ийг эртнээс мэддэг, олон жил өмсөж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход MTD материалтай эдгээр хүрэмнүүд огт гялайдаггүй гэдгийг батлан хэлж байлаа.
AIGLE хэв маяг ба дэгжин загварууд
AIGLE-ын бэлэн хувцасны анхны дэлгүүр 1989 онд Францад нээгджээ. Тэд анхнаасаа л хүний хэрэглээнд нийцтэй, цэгцтэй шийдэлтэй хувцаснууд урлаж эхэлсэн. Удалгүй зөвхөн өөрийн нэрийн дэлгүүр гэлтгүй ангийн болоод аялал, загасчлалын дэлгүүрүүдэд AIGLE-ийн хувцаснууд хүндтэй байр эзэлж эхлэх болсон байна. Ер нь AIGLE хэв маяг бол гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, сэтгэл хангалуун амьдралын төрхийг илтгэсэн дэгжин загварууд гэдэг нь тус брэндийн дэлгүүрт очсон хэн бүхний өмнө илхэн.
Хосоороо дэгжин хувцаслаад явж буй залуу хос юм уу, гэр бүлээрээ ижилсэн чанартай хувцастай хүмүүс хэний ч нүдэнд аз жаргалтай харагддаг. Яг тийм л загваруудыг AIGLE брэнд хавар/зун, намар/өвөл цуглуулгадаа жил бүр шинэчлэн гаргадаг аж. Тэдгээр загварууд нь оёдол хийцээрээ AIGLE-ийнх гэдэг нь ялгагдах өөрийн гэсэн онцлогтой. Дээр нь содон бөгөөд оновчтой шийдлээр баяжуулсан өдөр тутмын хувцаснуудтай. Тэр бүх загваруудыг дэлхийд алдартай, хамгийн хөнгөн мөртлөө дулаан, хурдан хатдаг, хөлс чийг хурдан гадагшлуулдаг, урт настай, арчлахад хялбар материал хийдэг газруудтай хамтарч бүтээдэг нь AIGLE-ийн үндсэн дархлаа, урт удаан түүхийг тэтгэгч болдог аж.
AIGLE эрчүүд
Тэд бол гэр бүлдээ хайртай, халамжтай, ажил амралтаа зохицуулж чаддаг, амьдралын үнэ цэнийг дээд зэргээр мэддэг эрчүүд юм. Ан ав, загасчлал, гэр бүлдээ халамжтай байдал бол тэдний нийтлэг чанар. AIGLE-ийг сонгодог эрчүүд хэдэн ч настай байж болно. Тэгэхдээ л тэдний залуу сэтгэлгээ, AIGLE-ийн залуу дүр төрх хоёр нийлээд мөнхийн юм шиг эрч хүчтэй, шинэлэг дүр төрхийг гаргах болно.
AIGLE бүсгүйчүүд
Амьдралын эрч хүчтэй, аялах дуртай AIGLE бүсгүйчүүд нэг л сэтгэл татам хувцасладаг. Тэд бүсэлхий барьсан даашинз юм уу загасан хормойтой цув өмссөн байгаагаар нь франц хэв маягт дурлагсад гэдгийг нь мэдэж болно. Ханцуй богино, жижиг мөртэй цамц, даашинзууд нь тэднийг эвлэгхэн бөгөөд дур булаам харагдуулна. Дээр нь тэдний цүнхнээс AIGLE-ийн эвхэж, хурааж болдог усны гутал гарч ирж тун магадгүй. Жишээ нь японы нэгэн нисэх компанийн бүх стюрдес бүсгүйчүүд AIGLE-ийн усны гуталтай байдаг. Ийм бүсгүйчүүд амьдралын ямар ч нөхцөлд өөрийнхөө тав тухыг алдахгүй байх чадвартай байж таарна. Жил бүр шинэчлэгддэг өвөрмөц, тансаг хээтэй AIGLE-ийн цэцгэн хээнүүд бүсгүй хүний дотоод гоо сайхныг ил гаргаж, сэтгэл татам байдлыг нь улам нэмэх увидастай. Ийм сонголт хийсэн бүсгүйд бусдаас онцгой ямар нэгэн өөр нандин чанар байж таарна. Үүнийг AIGLE-ийн дэгжин хувцсыг өмсөж үзэх тэр л агшинд хүмүүс мэдрэх биз ээ.
AIGLE Mongolia дэлгүүр ба сэтгэл татам ирээдүй
Өнөөдөр AIGLE брэндийг Louis Vuitton-ы Европыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ромэйн Гуинниер гэдэг эрхэм удирдаж байна. Тэр өмнө нь L`Oréal-ын маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд Франц хүний нарийн мэдрэмжийг өөрийн үйл ажиллагаандаа илүү сайн шингээх зорилготой ажилладаг хүн юм. Тийм ч учраас AIGLE ойрын ирээдүйд бүр илүү амжилтанд хүрч, хүмүүст илүү сайн зүйлийг өгөх биз ээ. AIGLE-ийн ирээдүй ийм гэрэлтэй байх цагт Монголд албан ёсны дэлгүүр нь нээгдсэн нь бидэнд ч азтай хэрэг. Та AIGLE-ийн дэлгүүрт зочлон очихдоо л тэд хичнээн нарийн, нямбай хүмүүс болохыг нь ойлгоно. Францаас батлаж гаргасан интерьер дизайны дагуу монголын хамгийн чадварлаг, залуу интерьер дизайнер Энэрэлийн зургийг нь гаргаж гүйцэтгэсэн орчин таныг угтан авах болно.
Энэ дэлгүүрийн хувцасны шүүгээг олон арван жилийн настай царс модоор бүтээж, AIGLE логогоор тусгайлан чимсэн гар хийцийн плита болон нарийн хийцтэй мозайкаар чимэглэж, франц айл бүрийн алдарт заларч явсан гэрлийн бүрхүүл суулгасан ба хувцас солих өрөөний хаалгануудыг хүртэл хооронд нь адил бус, өөр өөр хэмтэйгээр бүтээсэн байх нь уламжлалт франц айлд тухлах мэт халуун дулаан мэдрэмж өгөх нь сонин. AIGLE-ийн янз бүрийн түүхтэй хувцаснуудыг өмсөж үзэх агшинд таныг маш ховор содон шувууд болон ургамлууд бүчин авсан байхыг та анзаарах биз. Тэд бол биологийн шинжлэх ухааны ховор содон нээлтийг тэмдэглэсэн гар зурагнууд бөгөөд ерөөс AIGLE бол байгаль эхээс заяасан хүний сэтгэлийн гоо сайхныг бадраагч гэдгийг нь илтгэх шиг санагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт