Улирал солигдож байгаатай зэрэгцэн хувцасны шүүгээгээ шинэчлэх талаар бодож байгаа хүмүүстээ зориулан энэ хаврын онцлох гутлуудыг нэг дор цуглууллаа. Бид сонголт хийхдээ загварын хувьд эрэлттэй бөгөөд хаврын эрс тэс нөхцөлд өмсөхөд тохиромжтой байх шаардлагуудыг тавьсан юм.
Хэрэв та лофер загварын гутал өмсөх дуртай ч хаврын цаг агаар саад учруулж байгаа бол Испанийн Hereu болон Cecile Bahnsen брэндийн хамтран гаргасан доод хэсгээрээ лофер шиг атлаа дээд хэсгээрээ челси түрийтэй гутлыг анхааралдаа аваарай. Энэхүү гутал нь хар, саарал, усан ягаан өнгөний сонголттой бөгөөд бүх төрлийн хувцастай зохицдог давуу талтай. Hereu болон Cecile Bahnsen брэндүүд нь тус гутлаар ч зогсохгүй Франц шик, Скандинавын минимал хэв маяг хосолсон загваруудаараа сүүлийн үед эрчээ аваад байгаа юм.
Түүнчлэн энэхүү жагсаалтад Bottega Veneta брэндийн Puddle гутлыг оруулах нь зүйтэй. Bottega Veneta ордон яг л усны гутал шиг харагдах тэрхүү загвараа хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан танилцуулсан бөгөөд байгальд шингэдэг полимер материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм. Мөн бүтээлч захирал Дэниэль Ли Puddle гутлыг streetwear хувцастай загварчлахаас гадна мини даашинз, саатай юбкатай хослуулж стилистик аргачлалуудын хэд хэдэн хувилбарыг харуулсан байгаа.
Загвар болон практик талын шаардлагад нийцдэг дараагийн төрөл бол мэдээж ковбой гутал бөгөөд хавар-зун 2022 загварын долоо хоногийн хүрээнд Isabel Marant, Khaite, Vic Matie зэрэг брэндүүд энэхүү гутлын төрөл бүрийн загварыг толилуулсан юм.
Харин өсгийтэй гутал сонирхогчдод Miista брэндийн улаан, шаргал өнгөтэй загвар таалагдах нь гарцаагүй. Тус гутлыг сул загварын жийнсэн өмд, миди, макси юбка зэрэг хувцастай загварчлах боломжтой. Мөн та Maison Margiela-гийн дугуй хоншоортой, богино түрийтэй гутал болон Miu Miu-гийн цагаан оруулгатай, 60-аад оны хэв маягтай бестселлер гутлыг анхааралдаа аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт