Улирал солигдохтой зэрэгцэн зузаан хувцсаа тайлж, хаврын төрхөө бүрдүүлэх цаг ирлээ. Тэр дундаа хүмүүс үслэг дотортой гутлаасаа салж хөнгөн пүүз өмсөхийг тэсэн ядан хүлээсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс бид энэ хавар эрэлттэй байх загварууд болон тэдгээрийг хэрхэн загварчилж болох талаар хүргэж байна.
Өнгөлөг хувцаслалт аливаа төрхийг сонирхолтой болгоод зогсохгүй таны болон эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээх хүч чадалтай байдаг. Тэгвэл та улирал солигдож, амархан ядрах хандлагатай байгаа энэ үед амьдралын зөв хэв маяг баримтлахаас гадна хувцсаараа, тэр дундаа өнгөлөг пүүзээрээ дамжуулан эрч хүчээ нэмээрэй.
Өнгөний хоршил, хэлбэр, материалын сонголтоороо маш олон брэндүүд анхаарал татаад байна. Тухайлбал, Chloé загварын ордны дахин боловсруулсан торон материалтай “Nama” пүүз, Gucci брэндийн 90-ээд оны хэв маягтай, резинэн детальтай загвар, Balenciaga-ийн зузаан ултай “аавын пүүз” болон болон Stella McCartney-гийн этгээд загварын, байгальд ээлтэй материалаар хийсэн "Reclypse" загваруудаас сонголтоо хийх боломжтой.
Энэ улиралд Nike брэндийн “Air” технологиор урласан загваруудаас өмсөхийг санал болгоё. Жишээ нь, Nike-ийн “Air Huarache” загвар нь агаар оруулсан улны тусламжтай уланд ирэх ачааллыг багасгадаг тул гүйхэд болон олон цагаар алхахад тохиромжтойгоос гадна өдөр тутамд өмсөж болохоор универсал дизайнтай билээ. Түүнчлэн Nike, Adidas зэрэг спорт хувцасны акулуудаас гадна мэргэжлийн тамирчдын үүсгэн байгуулсан On брэнд тус зах зээлд хүч түрэн орж ирж байгаа юм. Тэд үүлэн дээр алхах мэт мэдрэмжийг өгөх зорилгын дагуу бүтээгдэхүүнүүддээ 90% дахин боловсруулан түүхий эд ашигладгаараа онцлогтой.
Минимал хэв маягтай, цэмцгэр пүүзнүүд хэзээ ч моданаас гарахгүй нь ойлгомжтой. Тус загвар нь бүх төрлийн юбка, даашинз, тейлор хийцтэй өмд, жийнс зэрэг хувцастай зохицдог тул өдөр тутамд өмсөхөд тохиромжтой билээ. Тэгвэл энэ хавар Givenchy, The Row, Acne Studios, Isabel Marant брэндүүдийн тансаг зэрэглэлийн бөгөөд энгийн хэв маягтай загварыг анхааралдаа аваарай.
70-аад оны ретро классик, old school хэв маягт дурлагсдад Loewe брэндийн илгэн гадаргуутай “Flow”, Gucci загварын ордны монограм хээтэй “Tennis 1977” загварууд таалагдах нь гарцаагүй. Эдгээр пүүзийг өргөн өмд, oversize пиджактай хослуулан athflow стилийг бий болгож эсвэл ноолууран кардиган, твид юбкатай загварчилж преппи-шик төрхөө бүрдүүлээрэй.
Пүүзээ загварчлах санааг эдгээр Instagram хуудаснуудаас аваарай
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт