Hugo Boss хэдхэн жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл жинхэнэ эрчүүдийн дүр төрхийг тодорхойлсон гайхалтай нэг зууны түүхийг энэ брэнд бий болгожээ. Харин энэ түүх орчин үед хэрхэн хөгжиж, улам бүр төгөлдөржиж байгаа нь сонирхолтой. Тиймээс бид Hugo Boss брэндийн ДНХ-г нарийвчлан судлахаар шийдлээ
Hugo Boss орчин үеийн чиг хандлагатай загвар гэхээсээ илүү төгс эсгүүртэй хослолуудаараа алдаршсан билээ. Ялангуяа эрэгтэй загварын минималист хослолууд тус брэндийн нэрийн хуудас болсон юм. Тиймээс Hugo Boss-той бүх л насны эрчүүдийг харахад тэднээс нэг л мөн чанар харагддаг. Энэ бол өөртөө зуун хувь итгэлтэй байдал, ухаалаг, хэзээ ч бууж өгөхгүй, үргэлж ялахыг хүсдэг хандлага юм.
Hugo Boss анх 1924 онд үүсгэн байгуулагдсан ба Хюго Фердинанд Босс цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг армийн дүр төрхийг бий болгосон юм. Англид Burberry брэнд нисгэгчдийн хүрэм хийж байсан бол Германд Hugo Boss офицеруудыг хувцаслаж байлаа. Дараа нь Герман улс өөртөө итгэх итгэлээ 1950-аад оны сүүлээр эргүүлэн олж авах цаг мөчтэй зэрэгцээд Hugo Boss 1960 онд анхны эрэгтэй хослолоо танилцуулжээ. Энэ үед дэлхийн эрэгтэй хувцасны чиг хандлага эрс өөрчлөгдөж, гоо зүйтэй, загварлаг байдал руу тэмүүлэх болсон тул Hugo Boss-ын нарийн эсгүүртэй, нэг эгнээ хоёр товчтой костюм жинхэнэ лидерүүдийн сонголт болсон. Тэдгээр лидерүүд бол өнөөдрийн тив дамнасан корпорацийг үүсгэн байгуулагчид, спортын домог болсон тамирчид зэрэг хүчирхэг амбицтай хүмүүс байлаа. Тиймээс удалгүй 1977 онд Hugo Boss албан ёсоор брэнд болж бүртгэгдсэн юм. Үүнээс хойш Hugo Boss тасралтгүй хөгжсөөр өнөөдөр жилд 2,6 тэрбум еврогийн цэвэр ашигтай (2014), дэлхийн 127 оронд 1400 гаруй дэлгүүртэй, томоохон брэнд болж чаджээ.
Өнөөдөр Hugo Boss-ын хувцас загварын ертөнц нь BOSS, BOSS Orange, BOSS Green болон HUGO гэх салбар брэндүүдээс бүрдэж байна. Эдгээр брэндүүд нь бүгд өөр, өөрийн онцлог шинж чанартай, амьдралын ондоо цаг мөчүүдэд тохирох төрх санал болгодог. Энд л бидний өнөөдрийн эрэл хайгуулын гол нь оршиж байгаа юм.
Boss
Hugo Boss-ын гол брэнд болох BOSS нь хамгийн дээд зэрэглэлийн, тансаг ангилалд ордог. BOSS нэрийн дор биед яг таарсан, өндөр чанартай материалаар хийгдсэн хувцаснууд гардаг ба жинхэнэ өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлэх боломж олгоно. Эрэгтэй, эмэгтэй загварын цуглуулга нь маш нарийн хийцтэй, ажил хэргийн, гоёлын ба чамин, ажлын дараах спортлог загваруудаас бүрддэг.
Энэ бичлэгээс та BOSS-ын хослол "Өөртөө итгэлтэй" гэх нэг л концепцоо ажил хэрэг, үдэшлэг, тансаг хүлээн авалтын хаана ч хадгалж байгааг харж болно. Гол онцлог нь бие барьсан, цэх, цэмцгэр харагдуулах бариу эсгүүртэй хослолд хадгалагдаж байгаа. Мөн та Монгол дахь Hugo Boss-ын дэлгүүрээс BOSS брэндийн эдгээр гайхалтай загваруудыг худалдан авах боломжтой.
Boss Green
Тийм ээ, Hugo Boss цэмцгэр төдийгүй маш чөлөөтэй брэнд. Гольф, газрын теннис, далбаат завьны спорт зэрэг тэмцээнүүд бол Hugo Boss-ыг дэлхий дахинаа илэрхийлдэг спорт дүр төрхүүд юм. Анх 1997 онд танилцуулагдсан Boss Golf цуглуулга нь өнөөдөр Hugo Boss Green гэх салбар брэнд болж өргөжжээ. Энэ брэнд нь Boss-ын спорт хувцасны урсгал давамгайлсан, орчин үеийн чөлөөт хувцас болон гольфын хувцсыг нэгтгэсэн байдаг. Тиймээс эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлж, гүн сэтгэгдэл үлдээх тод өнгөнүүдээр энэ брэндийн загварууд онцгойрдог.
Boss Green эмэгтэй бүтээгдэхүүнээ саяхан буюу 2010 оноос гаргаж эхэлсэн ба энэ нь брэндийн шүтэн бишрэгч, спортлог эмэгтэйчүүдэд том бэлэг болсон юм.
Hugo
Hugo Boss 1998 онд эмэгтэйчүүдэд зориулсан HUGO брэндийг нээсэн билээ. Мэдээж Boss гэх нэршил бүсгүйчүүдэд тийм ч тохиромжтой биш тул алдарт Hugo гэдэг нэрээр овоглогдсон. Харин өнөөдөр Hugo брэнд нь эрэгтэй, эмэгтэй аль ч төрлийн загвартай болсон ба орчин үеийн, эрч хүчтэй харагдуулдаг. Мэдээж тус брэндийн гол онцлог болсон өөртөө итгэлтэй байдал энэ брэндийн загваруудад мөн хадгалагдан үлдсэн байдаг.
Boss Orange
Boss Orange анх эрэгтэй загвар гаргаж эхэлсэн, өдөр тутмын чөлөөт хувцасны брэнд юм. Мэдээж хүмүүс өдөр бүр ганган хослолтой, эсвэл спорт хэв маягтай амьдрахгүй шүү дээ. Тиймээс аз жаргалтай, чөлөөт мэдрэмжийг төрүүлэх шинэ брэндийн загварууд жинхэнэ Hugo Boss-ын хэрэглэгчдэд хэрэгтэй байсан нь гарцаагүй. Hugo Boss эмэгтэйчүүд мөн адил өөрсдийн лидер, ажил хэрэгч төрхөө албан өрөөндөө үлдээж, амарч, аялаж, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ сонгох загварлаг хувцастай байх хэрэгтэй. Энэ зорилгоор Boss Orange брэнд 2006 онд анхны эмэгтэй загваруудаа гаргажээ.
Hugo Boss өнөөдөр
Hugo Boss брэндийн бүтээлч захирлаар 2013 оноос хойш Жейсон Ву ажиллаж байгаа. Тэрээр брэндийн бэлгэ тэмдэг болсон хурц өнцөг, тэгш хэмтэй эсгүүрийг өөрийн хайртай гөлгөр, зөөлөн хав маягтай чадварлаг хослуулдаг. Түүний чадварыг сорьдог гол зүйл бол эмэгтэй загварууд юм. Учир нь Hugo Boss-ын ДНХ болсон хурц өнцөг, тэгш хэмтэй эсгүүр мэдээж эмэгтэй загваруудад ч бас шингэсэн байдаг. Гэхдээ хүмүүс эмэгтэй загвараас илүү их зүйлийг хүсч, илүү өргөн хүрээтэй дизайн харахыг хүсдэг шүү дээ. Харин Жейсон Ву брэндийн уламжлалт тэгш хэмтэй эсгүүрийг зөөлөн, уян хатан чанартай хослуулж, шинэлэг загвар гаргахыг хичээн ажиллаж байна. Жишээ нь Жейсон Ву 2016 оны намар, өвлийн эмэгтэй цуглуулгад брэндийн шулуун зурааснуудыг эмэгтэй хүний галбирт тааруулан, нугалах болсон. Ингэснээр орчин үеийн Boss бүсгүй илүү романтик, илүү эмэгтэйлэг болж чадсан юм. Дээр нь мэдээж геометр дүрснүүд ба минималист хэв маяг давхар орсон байгаа. Энэ нэгдлийг хослуулж чадсан Жейсон Вугийн мэргэн ухаан үнэхээр гайхалтай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт