Одоогоор өрсөлдөөн багатай байгаа мэргэжлүүд
Сүүлийн үед загварын салбарт хэд, хэдэн шинэ мэргэжил үүсч, жил өнгөрөх тусам улам бүр эрэлттэй болж байна. Орчин үеийн зах зээлд юуны учир эко мэргэжилтнүүд, загварын сэтгэл судлаачид болон материал судлаачдын нэн чухал хэрэгцээ үүсч, харин дизайнер ба "байер"-уудын хэрэгцээ буурч байгааг бид судаллаа.
Загварын сэтгэл судлаач
Танилц, Донн Карен. Сэтгэл судлалын эрдмийн зэрэгтэй энэ бүсгүйн талаар The New York Times, Vice, Nylon ба Daily Mail сэтгүүлүүд шуураад амжсан. Донн хүмүүст "сэтгэл зүйн хувьд тав тухтай хувцас" сонгоход тусалдаг бөгөөд өөрийгөө загварын сэтгэл судлаач хэмээн нэрлэдэг. Энэхүү нэр томьёо нь шинжлэх ухаанд хараахан бүртгэгдээгүй байгаа ч, хүн зарим хувцсыг өмсөх үедээ сэтгэл зүйн хувьд илүү таатай, нөгөөтээгүүр өөр хувцас өмсөхдөө таагүй мэдрэмж авдгийг үгүйсгэхийн аргагүй юм.
Донн Карен Нью-Йоркийн Загварын Технологийн Их сургуульд өнгөний сэтгэл зүйн хичээл заадаг бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан онлайн институтэд амраг хосууд ба найз нөхдийн хоорондын харилцаанд юүдэнтэй цамц болон бусад хувцаснууд хэрхэн нөлөөлдөг талаар лекц ордог байна. Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ хувцсыг "энэ цамц энэ өмдтэй зохицно" гэх зарчмын дагуу биш, харин "энэ цамцыг энэ өмдтэй хослуулснаар та бүх зүйлийг хяналтандаа авсан мэт өөртөө итгэлтэй байх болно" гэх үүднээс сонгож өгдөг. Түүний зөвлөгөөний тусламжтайгаар зарим хүмүүс нөхрөөсөө салсан үйл явдлыг илүү тайван хүлээн авч, зарим нь олны өмнө илтгэл танилцуулахдаа илүү өөртөө итгэлтэй болдог. Тэр сард таван мянга гаруй ам.долларын орлоготой ажилладаг ба түүний хэлснээр мөн брэндүүдэд зөвлөгөө өгөхдөө ижил хэмжээний цалин авдаг байна.
Ингээд бодоход загварын сэтгэл зүй нь одон орны судлалтай төстэй мэт санагдаж болзошгүй. Учир нь тодорхой нэг өмд, эсвэл гутал тухайн хүнийг илүү аз жаргалтай болгох боломжтой гэсэн нэг ч шинжлэх ухааны судалгаа байхгүй. Гэсэн ч загварын салбар энэ чиглэлээр хөгжиж байна. Тухайлбал Делавэрийн их сургуульд Social Psychological Aspects of Clothing гэх хичээл ордог бол, Лондонгийн загварын коллежид загварын сэтгэл зүйн чиглэлтэй бакалаврын хөтөлбөр бий. Тэр ч бүү хэл тус хөтөлбөрийн анхны төгсөгчид Hajinsky гэх загвар ба сэтгэл зүйн огтлолцлын талаар өгүүлдэг онлайн сэтгүүл үүсгэн байгуулаад амжжээ. Үүнээс гадна Net-a-Porter-ийн хөрөнгө оруулагч Кармен Баскетс тансаг зэрэглэлийн сегмент дахь хувцасны сэтгэл зүй гэх онлайн тавцанг хөгжүүлдэг байгаа. Энэ тавцангаас та меланхолик хүмүүс хар өнгөтэй хувцас өмссөн үедээ илүү тав тухтай байдгийг, мөн сэтгэл санаа нь тогтмол зовнидог хүмүүс бусадтай харьцуулбал савхин материалтай хувцсанд илүү дуртай тул Comme des Garçons ба Rick Owens брэндүүдийг сонгодгийг, мөн тод өнгийн баялаг хээтэй хувцсанд дургүй хүмүүс худлаа ярих нь харьцангуй бага болохыг олж унших боломжтой.Олон талт байдлаар дагнасан мэргэжилтнүүд буюу diversity-менежер
Орчин үеийн нийгэм арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс, бэлгийн чиг баримжаанаас үл хамааран хүн бүр тэгш эрхтэй гэх үзэл баримтлалын төлөө тэмцэж, хүн бүрийг бие биедээ хүлцэнгүй хандахыг уриалдаг болсон. Үнэнийг хэлэхэд хүн төрөлхтөн өөрийн ухамсраар энэ бүх асуудлыг шийдэж, diversity менежер гэх мэргэжил шаардлагагүй байх учиртай мэт болов ч бодит амьдрал дээр нөхцөл байдал тийм ч төгс биш гэдгийг өнгөлөн далдлах шаардлагагүй биз ээ. Сая л гэхэд Asos "slave" бичигтэй футболка борлуулж, H&M "coolest monkey in the jungle" бичигтэй цамц гаргасныхаа төлөө одоо хүртэл уучлалт гуйж байна.
Яг л энэ хэргийн дараа Шведийн H&M брэнд төв оффистоо олон талт байдлын тусгай хэлтэс үүсгэж, удирдагчаар нь хуульч Энни Вуг томилсон билээ. Zara брэнд ч бас энэ чиглэлээр хөгжиж, бүх ажилчиддаа зайлшгүй хамрагдах шаардлагатай олон талт байдал, тэгш эрхийн сургалт явуулж, загварууд дээрх бичгүүдээ компьютерын алгоритмаар шалгадаг болсон.
Дараагаар нь мөн Nike брэнд энэ давлагаанд нэгдсэн. The New York Times-ийн явуулсан судалгаанд итгэвэл брэндийн АНУ дахь төв оффист саяхныг хүртэл сексизмийн асуудал маш хурц байсан гэнэ. Энэ асуудал хөндөгдсөн даруйд Nike нэлээд хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлж, дэлхий даяарх нийт 10 мянган менежерээ тусгай сургалтанд хамруулж, diversity менежерүүдийг ажилд авсан билээ.
Материал судлаачид
Материал судлалд хийгдсэн орчин үеийн нээлтүүд тийм ч сүр дуулиантай байхаа больсон. 1958 оны Lycra, эсвэл 1960-аад оны сүүлээр ажлын өмсгөлийн ойлголтыг бүхлээр нь өөрчилж чадсан ус нэвтэрдэггүй, амьсгалдаг Gore-tex зэрэгтэй эн тэнцэхүйц том нээлт хараахан гараагүй байна. Гэхдээ салбар хөгжсөөр л байна. Мөн Business of Fashion хэвлэлийн мэдээллэж буйгаар томоохон компаниуд шинэ материал нээн бүтээх өндөр хүсэлтэй байгаа бөгөөд энэ чиглэлээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, мэргэжилтнүүд хайж байгаа. Материал судлалын чиглэлээр боловсрол олгодог хөтөлбөрүүд Лондонгийн загварын коллеж, Parsons School of Design болон Хельсинкийн Аалто их сургуульд бий. Тэгээд ч ухаалаг хувцас олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болж байгааг онцлох нь зүйтэй. Жишээ нь Ralph Lauren зүрхний цохилт, амьсгалын тоо, шатаасан калорийн хэмжээ, стрессийн түвшин зэргийг хэмждэг футболка гаргасан байгаа. Харин угаасны дараа индүүдэх шаардлагагүй цамц, 30 хэмийн халуунд хүртэл бие сэрүүцүүлэх чадвартай майка зэргийг масс зах зээлийн брэндүүдээс ч хүртэл олох боломжтой.
Гэхдээ орчин үед хүмүүс одоо хүртэл "зөөлөн" ба "хатуу" гэх ойлголтын хооронд зааг үүсгэж байна. Эдгээрийг нэгэн зэрэг ашиглаж, хослуулж чаддаг мэргэжилтнүүд тун цөөхөн. Тухайлбал даавууг хуванцар эсвэл металлтай хослуулах үед гайхалтай бүтээл бий болдог. Ухаалаг футболканууд, хөгжим өсгөгчийн үүргийг гүйцэтгэх алчуур, өөрийгөө үддэг пүүз гээд л шинжлэх ухаан олон гайхалтай зүйлийг бидэнд бэлэглээд байгаа шүү дээ.
Зохиогчийн эрхээр дагнасан мэргэжилтнүүд
Нэг талаас хараад үзвэл XX зууны загвар бол тэр чигээрээ ишлэл. Гэхдээ нөгөөтээгүүр ишлэл хаана дуусаж, хаанаас бүтээлийн хулгай эхэлж байгааг ойлгоход хэцүү. Ийм асуудал байгааг бид сүүлийн нэг жилийн хугацаанд Gucci ордныг бүтээлийн хулгайн хэрэгт буруутгасан Central Saint Martins их сургуулийн оюутны хэргээс мөн бусад олон маргаантай үйл явдлаас олж харсан.
Орчин үеийн интернет орчинд аливаа зүйлийг бусдаас нууна гэдэг ойлголт бараг л үгүй болсон. Гэхдээ мэдээж хэрэг том хэмжээний асуудал үүсч, дуусашгүй удаан маргаан эхлэхээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Тиймээс ишлэл татах асуудлыг анхнаас нь зүй ёсны дагуу зохицуулж чадах мэргэжилтэн компани бүрд шаардлагатай юм.
"Өөрсдийн ажлыг бизнес байдлаар нухацтай хүлээж авдаг брэнд бүр цуглуулга бүтээхээсээ өмнө заавал ч үгүй хуульчтай хамтран ажилладаг. Хуульчид тухайн загварын хээ, бичиг эсвэл дизайн өөр хэн нэгний зохиогчийн эрхийг зөрчихгүй байх дээр анхааран шалгаж, брэндийн өөрийн эрхийг ч бас бусдаас хамгаалдаг. Хэрвээ брэнд амжилттай бол хэн нэгэн заавал дуурайхыг оролдоно шүү дээ" хэмээн хуульч Максим Подов энэ сэдвээр хэллээ. Түүний онцолж буйгаар ихэнх тохиолдолд өөр хүний бүтээлийг ашиглаж болдоггүй. Тухайн зохиогчийн нэрийг дурдсан ч хамаагүй энэ нь зөрчил гэж тооцогддог байна. "Санаа ашиглаж болно. Учир нь хуулийн дагуу зөвхөн бодит амьдрал дээр хэрэгжсэн зүйлд зохиогчийн эрх олгодог. Мөн урлагийн бүтээлээс, өнгө ба уур амьсгал, стилиэс нь санаа авч болно. Тухайлбал өнгө, өнгийн хавтангуудыг давхарлан байршуулах санааг ашиглаж болно. Гэхдээ тэрхүү хавтангуудын тодорхой дараалалтай байршлыг шууд хуулбарлавал энэ нь зохиолын хулгай болно".Эко мэргэжилтнүүд
Өнгөрсөн жил Копенгаген хотод "Эко загвар" гэх сэдвийн доор явагдсан чуулга уулзалтын үеэр Мирослава Дума загварын салбар бол дэлхий дээрх хамгийн их хог хаягдалтай, байгаль орчин бохирдуулдаг салбаруудын хоёрт бичигддэгийг онцлон хэлсэн. Parsons сургуулийн шинэ захирал Бурак Какмак ч бас энэ талаар "одоо бидэнд үүнийг үгүйсгэж, нуугдах боломж байхгүй" хэмээн хэлсэн. Түүний бодлоор одоо бүхий л томоохон компаниуд хариуцлагаа хүлээх ёстой. Какмакыг албан тушаалд ирснээс хойш Parsons дизайны сургуульд хариуцлагатай загварын талаарх боловсрол олгодог хэд, хэдэн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Лондонгийн загварын коллеж мөн Kering групптэй хамтран тансаг зэрэглэлийн салбар дахь эко үйл ажиллагаа гэх хичээл танхим болон онлайн хэлбэрээр явуулж байгаа.
Таван жилийн өмнө эко загвар гэх үгсийг хэлэх үед толгойд зөвхөн Stella McCartney л орж ирдэг байсан бол, одоо Burberry 20 гаруй тонн савхин материалыг дахин боловсруулан шинэ загвар гаргаж, Salvatore Ferragamo дахин боловсруулсан жүржийн хальсаар хийсэн цамц ба хүзүүний алчуур танилцуулж, эрдэмтэд лабораторид ургуулсан очир эрдэнэ чулууг нэвтрүүлж байна. Дэлхийн хамгийн хариуцлагатай, эко үйл ажиллагаатай компаниудын жагсаалтад H&M болон Kering зүй ёсоор багтдаг. Parsons-ын шинэ захирлын онцолсноор загварын энэ чиглэл жил ирэх тусам улам бүр тэлж, эрчээ авах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт