Манай тоймч Елена Стафьева хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн Met Gala үдэшлэгийн зочдын хувцаслалтыг сайтар судалсны эцэст өөрийн шүүмжээ бичиж байна
Энэ жилийн Met Gala үдэшлэг "Manus x Machina: Дэвшилтэт технологийн эрин үе дэхь загвар" сэдэв доор зохион байгуулагдлаа. Manus x Machina гэх энэхүү латин гаралтай илэрхийлэл нь 1927 оны алдарт Metropolis кинотой уялдаа холбоотой юм. Фриц Лангийн найруулсан Metropolis кино нь хот байгуулалтын эрин үеийн эхлэлийг харуулсан байдаг. Тэр үеэс л эхлэн загвар гэх ойлголт цэцэглэж, цаг хугацааны эрхэд хөгжиж, өнөөдрийн гайхамшигт байдалдаа хүрсэн юм. Met Gala үдэшлэгийг хариуцагч, Нью-Йорк хотын Урлагийн музейн, Хувцасны Хүрээлэнгийн удирдагч Эндрю Болтон энэ жилийн сэдвийн нэрийг ийнхүү тайлбарласан юм: "The mediator between the HAND and the MACHINE must be the HEART" буюу "Гар, машин хоёрын хоорондох зохицуулагчаар зүрх ажиллах ёстой". Хэтэрхий гүнзгий утгатай сэдэв сонгосон мэт санагдах ч, зохион байгуулагчид энэ жил төсөөлөл, ургуулан бодох урсгалыг хөндөхийг хүссэн бололтой.
Гэхдээ энэ бүх зүйл тийм ч их ач холбогдолтой биш юм. Харин үдэшлэг дээр хүрэлцэн ирсэн хүндэт зочид маань тэрхүү "технологийн" сэдвийг орчин үеийн загвар болон өөрийнхөө хувийн стильд хэрхэн нийцүүлж, хувцасласан нь хамгийн их сонирхол татсан чухал асуудал юм. За тэгэхээр Нью-Йорк хотын Метрополитан музейд хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан үдэшлэг дээрээс бид юу олж харсан бэ?
Юуны түрүүнд үдэшлэг дээр их хэмжээний төмөрлөг зүйлс харагдлаа. Бүр маш их шүү. Robocop ба Оддын Дайны-ийн C-3PO робот баатруудын олон төрлийн хувилбарууд улаан хивс дээгүүр ар араасаа алхлаа. Balmain-ы төмөрлөг даашинз өмссөн Ким Кардашьяны толгой дээр C-3PO роботын толгойг эвлүүлчихсэн зургууд аль хэдийнээ олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Ер нь Balmain ордны маркетингийн алба энэ удаад жинхэнэ клонудын довтолгоо хийж, сурталчилгаагаа "хэтрүүлсэн" харагдана. Түүнээс гадна хар өнгийн Prada өмсөж, уруулаа хараар будсан, хөмсөггүй Кэти Перриг Daily Mail хэвлэлийн газар "Аддамс гэр бүлийн гишүүн" хэмээн нэрлэжээ. Мөн Simone Rocha-гийн бүтээсэн хачирхалтай загварын хар даашинз өмсөж, хагас гэрэлтэх хар бээлий болон нүсэр том хар гутлаар гоёсон Клоуи Севиньи, болон Marc Jacobs-ийн төстэй загварын даашинз ба бээлий өмссөн нил ягаан өнгийн үстэй Керри Вашингтон нар яг л готик хамтлагийн гишүүд шиг харагдаж байлаа.
Үлгэрийн ертөнцийн амьтад шиг хувцасласан одуудаас дурдвал үүнд Vera Wang-ийн мөнгөлөг өдтэй даашинзаар гоёсон Рита Ора, Valentino-г сонгосон аварга том эрвээхий Зои Кравиц, Dolce & Gabbana-гийн "тогосон сүүл" даашинз өмссөн Зои Салдана нар багтлаа. Харин Tom Ford өмссөн Лара Стоун, андроид бүсгүй Жули Маклоу болон хамгийн өхөөрдөм хос Жижи Хадид ба Зейн Малик нар огторгуйн дайчин ба од эрхсийн эргүүлийн дүрд хувирчээ. Зейн Маликийн хувьд гэвэл тэр үдэшлэгийн "гар ба машин" сэдвийг шууд утгаар нь ойлгож, өөртөө төмөр гар хийхээр шийдсэн бололтой шүү.
Хүрэлцэн ирсэн зочид дунд бас нэгэн сонирхолтой бүлэг бий. Энэ нь хүүхэлдэйн киноны баатрууд юм. Клэр Дэйнс Zac Posen-ы харанхуйд гэрэлтэх үнсгэлжингийн даашинз сонгож, Каролина Куркова Marchesa-гийн цэцгэн хатгамалтай шидэт дагинын даашинз өмсөж, харин дуучин Бейонсе Givency-гийн биеийн өнгөтэй, цэцгэн чимэглэлтэй латекс даашинзаар гоёсон байв. Бейонсегийн даашинзыг хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсныг та олон нийтийн сүлжээгээр тархаж буй хөгжилтэй зургуудаас харж болно.
Энэ бүгдээс дүгнээд үзэхэд үдэшлэг дээр хүрэлцэн ирсэн алдартнууд ба тэдний стилистүүд технологийн сэдвийг яг л өсвөр насны хүүхдүүд шиг хүлээж авсан байна. Тэд комикс ном ба анимэ хүүхэлдэйн шүтэн бишрэгчид мэт хувцаслаж, энэ жилийн Met Gala-г Comic Con арга хэмжээ шиг болгон хувиргажээ. Өнгөрсөн жил бүгд л шарагдсан өндөг шиг харагдах Рианнагийн даашинзыг хэлэлцэж байсан бол, энэ жил олны анхаарал лимон санагдуулам Соланж Ноулз руу шилжлээ. Тэр үдшийн хамгийн "утгагүй" хувцасласан зочноор тодорсон юм.
Бидний үзэж буйгаар орчин үеийн технологи нь маш энгийн, цэмцгэр атлаа хүнд хэрэгтэй функцээр баялаг загвараар тодорхойлогдоно. Энэ шалгуурт Оддын Дайн киноны орчин тойрон биш, харин Facebook ба Apple-ийн офисууд тэнцэнэ. Лея гүнж ба Хуссейн Чалаяны этгээд даашинз биш, харин Марк Цукербергийн саарал футболк эсвэл Стив Жобсийн хар хоолойтой цамц энэ сэдэвтэй илүү тохирох мэт санагдах юм. Функц ихтэй, өндөр технологи бүхий материалаар хийгдсэн загварууд нь зөвхөн спорт ба мэргэжлийн салбарын хувцсанд биш, мөн орчин үеийн өдөр тутмын загварын ертөнцөд зайлшгүй байх ёстой, загварын нэгэн чухал хэсэг юм. Тухайлбал Италийн Edesim гэх эрчүүдийн хослолоор дагнадаг брэнд өнөө цагт ус нэвтэрдэггүй материал ашиглан, гар аргаар хувцас оёж байна. Яг л ийм "гар" ба "машиныг" Met Gala-гийн Manus x Machina сэдэв илтгэж байсан юм.
Бид энэ жилийн Met Gala-гаас үдшийн гоёлын жинхэнэ хямрал олж харлаа. Гэхдээ энэхүү хямрал нь мэдээж хэрэг ганцхан өдрийн дотор тохиосон гэнэтийн зүйл биш юм.Бид энэ жилийн Met Gala-гаас үдшийн гоёлын жинхэнэ хямрал олж харлаа. Гэхдээ энэхүү хямрал нь мэдээж хэрэг ганцхан өдрийн дотор тохиосон гэнэтийн зүйл биш юм. Загварын ертөнц сүүлийн арван жилийн хугацаанд үндсээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Даашинз + кет гэх хослол хэнийг ч цочирдуулахаа больж, спорт хувцас дизайнерын хувцасны үнээр зарагдаж, оны шилдэг брэндээр гудамжны стильтэй Vetements брэнд тодорч, DHL-ийн шар футболк улирлын топ тренд болж байна. Гэтэл улаан хивсэн дээгүүр одоо болтол лусын дагинын даашинз, чирэгдсэн урт хормой, өд ба ил гарсан цээж харагдсаар байна. Энэ үзэгдэл 50 жилийн өмнө нь ч байсан, одоо ч байсаар байна.
Үлаан хивсний үдшийн "гаралт" заавал хөвсгөр, театрын хэв маягтай, сүрлэг байх албагүй. Бүсгүйчүүд маань өдөр тутамдаа уламжлалт бус, энгийн тачаангуй төрхийг гаргаад сурчихсан хэрнээ "үдшийн" эсвэл "баяр ёслолын" арга хэмжээнд заавал ч үгүй байж болох хамгийн илт тачаангуй байдлыг харуулдаг. Тэд ил гарсан цээж, хар торон нэхээс, өгзөг хүртэл үргэлжлэх оноо, хэдэн арван см бүхий өндөр өсгийтэй гутал зэргийг нэгэн зэрэг өмсөн гарч ирдэг. Бас маш, бүр маш их гялалзсан саа. Мөн хэн нэгэн нь гарцаагүй Диснейн гүнжийн төрхийг сонгочихсон байдаг.
Ийм зэргийн "хуучирсан" хувцаслалтын дэргэд арай өөр алхам хийсэн, загварыг өөр өнцгөөс харсан бүсгүйчүүд бусдаас онцгой харагдаж байгаа юм. Тухайлбал Thakoon маркийн үсэрхэг ба гялалзсан материалтай, унтлагын хувцасны загварын комбинзон өмссөн Алекса Чанг (үдшийн шилдэг төрх), болон Pradа-гийн гэрийн халаат маягийн ногоон даашинзаар гоёсон Элизабет Дебики нар үүний тод жишээ болж байна. Харин Ума Турманы төрх тэрхүү "хуучинсаг" ба "орчин үеийн" загварын голд нь байлаа. Түүний өмссөн Tommy Hilfiger-ийн даашинз нэгэн зэрэг эмэгтэйлэг, энгийн, мөн тачаангуй байж чадсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт