“Миний хувцас тантай удаан хугацааны турш хамт үлдээсэй”: Габриэла Херсттэй хийсэн ярилцлага

Gabriela Hearst маркийн дизайнер хувцасны үүрэг, Уругвай дахь эмэгтэйчүүдийн амьдрал ба эрх мэдлийн талаар ярьж байна

Сүүлийн жилүүдэд загварын ертөнцөд нэлээд алдартай болоод буй дизайнер Габриэла Херст Москва хотод хүрэлцэн ирэхэд нь бид түүнтэй уулзаж ярилцлаа

Дизайнерын амьдралын түүх адал явдалт кино шиг тун сонирхолтой. Тэрбээр хүүхэд насаа Уругвайд морьдын дунд өнгөрүүлж, дараа нь Европ руу нүүж, тэндээ модель болсон юм. Удалгүй Европоос Нью-Йорк хот руу шилжиж, өөрийн гэсэн загварын марк үүсгэн байгуулж, мөн дэлхийн хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг гэх өргөмжлөлийг Harper's Bazaar-ын хамт олноос хүртсэн. Энэхүү түүхийн гол дүрийн баатар болох Габриэла Херст нь орчин үеийн, хэрэглээнд ойр хувцас бүтээдэг шилдэг эмэгтэй дизайнеруудын нэг юм. Биед эвтэйхэн, чанартай, гар урлалын аргачлал орсон, өргөн сонголттой, чөлөөтэй хөдлөх боломж олгодог гээд олон давуу талтай хувцаснуудыг тэр санал болгодог билээ. 


Та өөрийн нэрийн брэндээ жилийн өмнө үүсгэн байгуулсан. Харин түүнээс өмнө маш удаан хугацааны турш Candela төсөл дээр ажилласан шүү дээ. Gabriela Hearst маркийг үүсгэн байгуулах санаа анх яаж төрсөн бэ?

Би маш залуугаасаа эхлэн Candela брэндийг ажиллуулж эхэлсэн. Тэр үед би дөнгөж хорин насны босгыг давсан байлаа. Candela бол тансаг зэрэглэлийн гэхээсээ илүү контемпорари хэв маягийн төсөл юм. Харин би сүүлийн жилүүдэд илүү өндөр зэрэглэлийн чанартай хувцас үйлдвэрлэхийг их хүсэх болсон. Гэхдээ би Candela-гийн хэв маягийг огцом өөрчилж, тансаг хувцасны урлан болгож болохгүйг ойлгож байсан юм. Тиймээс л би цоо шинэ брэнд үүсгэхийг шийдсэн. Gabriela Hearst бол миний үзэл бодлыг илэрхийлсэн, миний чин сэтгэлээсээ хийхийг хүссэн зүйл юм.

Таны одоо амьдарч буй АНУ-д шинэ эмэгтэйлэг байдлыг илтгэж байгаа эмэгтэй дизайнерууд хүч түрэх болсон.  Тухайлбал Розетта Гетти аль эсвэл Рози Ассулин зэрэг чадварлаг дизайнерууд тодорч байна. Тэдний уран бүтээл таны үзэл бодолтой нийцдэг үү?


Тэд бол үнэхээр маш чадварлаг дизайнерууд. Тэдэнтэй нэг эгнээнд зогсож байгаа минь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид бүгд өөр өөрийн гэсэн хэв маягтай бөгөөд бүгд л хувцсаараа дамжуулж ямар нэгэн шинэ зүйлийг хэлэх гэж оролдож байгаа. Гэхдээ бидний туршлага, хүмүүжил хоорондоо тэс өөр гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал би Уругвай дахь жижиг ферм дээр өссөн хүн. Тиймээс миний намтрын энэ хэсэг дизайнд маань том нөлөө үзүүлдэг. Миний бүтээсэн загваруудад байгалийн бөгөөд фермийн өнгө аяс шингэсэн байдаг.



Ер нь өнөө үед шинэ америк загварын талаар ярих нь зөв үү? Таны бодлоор энэхүү үзэгдэл бодит амьдрал дээр бий юу?

Энэ асуултад хариулах амаргүй юм байна. Би өөрийнхөө хийж буй зүйлийг л ярьж чадна. Би өндөр чанартай материалыг сайн дизайн бас практикт хэрэгтэй байдалтай зохицуулан хувцас урлахыг хичээдэг. Миний хувцаснууд танд үнэхээр хэрэг болдог, Gabriela Hearst-ийн пальто таныг хүйтэнд дулаацуулдаг байгаасаа гэж боддог. Миний хувцаснууд удаан хугацааны турш тантай хамт үлдэж, таны өмсөх дуртай хувцаснуудын нэг байгаасай гэж хүсэж байна.

Орчин үеийн загварт заримдаа маш сонин пропорцтой хувцаснууд бүтээгдсэн байдаг. Таны бодлоор хүмүүс тэдгээр авангард хувцаснуудаас залхаагүй л байгаа юу? Энгийн хувцсыг эрхэмлэх цаг ирээгүй гэж үү?

Миний бодлоор орчин үеийн бүсгүйчүүд маш хөдөлмөрч бас завгүй болсон. Бид их ажиллаж, олон зүйлс үйлдвэрлэж байна. Тэгэхээр эмэгтэй хүний хувцас ч мөн адил энэхүү шинэ эриний эмэгтэйн төрхийг илэрхийлж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд биед эвтэйхэн хувцас өмсөхын зэрэгцээ үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Минийхээр бол хувцасны сэдэвт "энгийн" гэдэг үгийг хэрэглэх нь буруу хэрэг. Энэ үг хамаг утга учрыг алдагдуулж байгаа юм.

Магадгүй "амьдралд ойр" гэх ойлголт илүү тохирох болов уу?

Магадгүй. Юутай ч байсан миний хэлэх гээд байгаа санаа нь "Энэ би байна, над руу хараарай" гэх бодол төрүүлэм, хэт анхаарал татсан хувцас биш, харин сайн хийцтэй, өмсөхөд амар байдаг хувцас орчин үеийн эмэгтэйг тодорхойлох болов уу. Хувцсаа сонгохдоо эзэн нь хэр ухаан зарцуулсан нь мэдэгдэх болно.



Таны өөрийн стиль болон таны хувцсаараа бүтээдэг эмэгтэй төрхийн хооронд ялгаа бий юу?

Миний цуглуулгуудад миний өөрөө хэзээ ч өмсөхгүй байсан хувцас нэг ч байхгүй гээд хариулчихъя.

Та нэгэн ярилцлагад "Миний хажууд ямар нэгэн өө сэвтэй зүйл байхад би тайван байдаг" гэж хэлсэн байсан. Та хувцас урлахдаа ямар "өө сэв" гаргах дуртай вэ?

Тухайлбал надад боловсруулаагүй эмжээр таалагддаг. Та миний юбкийг хараад үз дээ. Энэ загварт силуэт бий, гоёмсог хуниаснууд бий. Харин боловсруулаагүй эмжээр нь энэ загварыг илүү чөлөөтэй, "маягтай" биш харагдуулж байгаа юм. Ер нь төгс байдал ба идэвхтэй амьдрал хоёр хэзээ ч хоорондоо нийцэхгүй. Би үүнд итгэдэг юм. Төгс байдал гэх ойлголт бодит амьдрал дээр байхгүй. Гэхдээ төгс байдал руу тэмүүлж болоход би итгэдэг.

Та их хотын, минималист загварууд бүтээдэг. Тэгсэн хэдий ч таны бүтээлүүдэд ямар нэгэн яруу найраг ажиглагддаг. Минималист ба романтик хэв маягуудын хоорондох тэнцвэрийг хэрхэн олох вэ?

Юу гээч, би энэ талаар маш их боддог. Би хувцасны дизайн гаргаж эхлэх үед миний толгойд хамгийн түрүүнд маш хүчирхэг силуэт, төрх ба санаа төрдөг. Дараа нь би скиз зураг гаргаж, хамт олонтойгоо ярилцаж, бид бүгд цугтаа миний санааг хөгжүүлж эхэлдэг. Тэр мөчид би сэдсэн төрхөө түр зур мартаж, надад яг юу хэрэгтэйг олж мэдэхийг хичээдэг. Харин дараагаар нь сэдсэн төрхөө "эргүүлэн авчирдаг". Ийм дарааллын дагуу ажиллаж байж хувцаснууд сонирхолтой болж чаддаг. Өөрөөр хэлбэл би эхлээд хувцсыг практик талаас нь харж үзээд, дараа нь хувцсанд сүнс оруулдаг юм.



Би таныг маш их сүлжмэл хувцас гаргадгийг мэднэ. Сүлжмэл хувцас таны уран бүтээлд ямар байр суурь эзэлдэг вэ?

Сүлжмэл хувцас маш чухал! Энэхүү асуудлыг шийдэхэд маань тусалсан нөхөртөө баярлаж явдаг шүү. Учир нь би Уругвай дахь гэр бүлийн хонины фермийг эцгээсээ өвлөж авсан юм. Манай гэр бүл үргэлж мярнуусан хонины ноосыг борлуулдаг байсан бөгөөд би багаасаа хонины үсийг хэрхэн тайрдгийг харж өссөн. Энэ бүх хугацааны турш бид хэдэн зуун тонн материал борлуулсан. Брэндээ үүсгэн байгуулснаас хойш би яагаад ч юм Италиас ноос худалдан авах болсон. Цаашид ч худалдан авсан хэвээр л байсан байх. Гэтэл нэгэн өдөр манай нөхөр "Өөрийнхөө фермээс гаргаж авсан ноосыг яагаад хэрэглэдэггүй юм бэ" гэж надаас асуусан. Би дотроо нээрээ ч яагаад болохгүй гэж бодож, эцэст нь бид фермийнхээ ноосыг хэрэглэдэг болсон доо.

Тэдгээр сүлжмэл хувцаснууд маш чанар сайтай бөгөөд гар аргаар урласан мэт харагддаг...

Манай нөхөр яг одоо нэгэн кино төсөл дээр ажиллаж байгаа. Тэр бидний үйлдвэрлэл хэрхэн явагддаг, свитерууд хэрхэн нэхэгддэг, ноосыг хэрхэн гаргаж авдаг талаар кино хийж байгаа. Ингэснээр бидний санаа хүмүүст илүү хүртээлтэй байх болов уу гэж бодож байна.

Та материалаа яаж сонгодог вэ, мөн таны хамгийн дуртай материалууд юу вэ?

Даавуу, материалын тухай яриа өрнөхөд надад их сайхан байдаг. Би төгс тохирсон материалаа олсны дараагаар л хувцсаа төсөөлж эхэлдэг. Надад зөөлөн, арьсанд сайхан мэдрэмж төрүүлдэг материалууд таалагддаг тул би торгон, шифон эсвэл нимгэн ноолуурыг илүүд үздэг. Ноосон үслэг даавуу болон олон давхарга үүсгэхэд хэрэг болдог аливаа материалд дуртай. Бид даавуугаа сонгохдоо үргэлж маш их цаг зарцуулдаг. Гэхдээ заримдаа эхний ээлжинд силуэтийг харж байж материалаа сонгох тохиолдол ч бий. Энэ процесс ямар нэгэн байдлаар дуу зохиохтой төстэй мэт санагддаг. Та эхлээд хөгжмийг нь найруулдаг уу, эсвэл үгийг нь бичдэг үү? Нөхцөл байдлаас л шалтгаална.

Загварын салбарт өнөөдөр юу өрнөж байгааг та хэр анхааралтай ажигладаг вэ? Тухайлбал томоохон брэндүүдийн удирдлагын өөрчлөлтийн талаар сонирхож уншдаг уу?

Мэдээж хэрэг, надад загварын салбарт өрнөж буй бүх зүйл сонирхолтой байдаг. Загвар гэдэг нь юуны түрүүнд бизнес юм. Та бүтээгдэхүүн борлуулдаг л гэсэн үг. Тэгсэн хэдий ч загвар бүтээхдээ та түүндээ утга учир шингээж, ямар нэгэн дохио дамжуулдаг. Өнөө үед хүмүүс урьд өмнөхөөсөө илүү загварыг сонирхох болсон. Энэ нь хоорондоо харьцах нэгэн хэлбэр болоод байна. Томоохон загварын ордны дизайнерууд гоёмсог зүйл хийх үүрэгтэй. Гэхдээ тэд мөн хувцсаараа дамжуулан зөв мэдээлэл хүргэж байгаадаа итгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүст энэ их чухал.



Та өөрийгөө амбицтай хүн гэж хэлэх үү? Та ямар нэгэн түүхэн том брэндийн удирдлагыг хүлээж авж байна гэж төсөөлдөг үү?


Би өөрийгөө хөгжүүлэхэд үргэлж бэлэн байдаг. Том брэндийн бүтээлч захирлаар ажиллах үед маш өргөн хүрээний техникийн бас хүний нөөцийг ашиглаж, шилдэг урлантай хамтарч, гар аргачлалын эртний уламжлалуудыг сурч авдаг. Энэ нь хамгийн сайхан хэсэг нь. Харин та өөрийн брэндээ эхлүүлэх үед бүх зүйлээ өөрөө хийх болно. Том брэндийг төлөөлж ажиллах үед та өглөө нь шинэ санаа гаргахад, өдрийн хоолны дараа гэхэд таны санаа бодит амьдрал дээр хэрэгжчихсэн байж байдаг. Бид нар шиг залуу дизайнеруудад санаагаа бодит болгоход илүү удаан хугацаа шаардагддаг. Учир нь бидэнд тэр бүх нөөц, нөлөө байхгүй шүү дээ. Харин тэрхүү боломжууд миний өмнө нээлттэй байсан бол би илүү ихийг бүтээх байсан болов уу гэх бодол хааяа төрдөг юм. Нэгхэн харандаа эсвэл 24 төрлийн өнгийн харандаагаар зураг зурахад мэдээж хэрэг ялгаа гарна. Тэгэхдээ эцэст нь бид ямар ч нөөц баялагтай байсан бай, өөрсдийгөө хамгийн шилдэг талаасаа харуулах үүрэгтэй.

Өнөөдрийн загварын салбарт эрчүүдийн монополь байгаа мэт танд санагддаг уу? Бараг л бүх гол франц брэндийг эрчүүд удирдаж байна шүү дээ.

Энэ үзэгдэл зөвхөн загварт гэлтгүй, бусад салбаруудад ч мөн ажиглагддаг. Ямар ч мэргэжлийн эмэгтэйчүүдэд карьер хөөхөд тийм ч амар байдаггүй шүү дээ. Бидэнд хүүхдүүд бий, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргүүд бий. Бид эрчүүдээс дутахааргүй хүчирхэг ч гэлээ бид тэднээс өөр.

Тэгсэн хэдий ч та хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцдэг үү?

Бид бүгд тэгш эрхтэй байх хэрэгтэй. Бид эрчүүдээс илүү их хөдөлмөрлөдөг гэж бодож байна.

Таны төрөлх Латин Америкт энэ асуудал ямархуу нөхцөл байдалтай байна вэ? Ихэнх хүмүүс Латин Америкийг нэлээд консерватив, патриарх үзэлтэй гэж хүлээж авдаг.

Санал нэг байна. Гэхдээ миний төрсөн Уругвай улс энэ талаараа илүү хөгжингүй гэж хэлж болно. Бид эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгосон наймдугаар улсаар тодорсон юм. Уругвай их жижиг улс тул бидэнд туршилт хийж, үзэл бодол ба концепцийг өөрчлөх боломж байдаг. Асуудал хүйсийн ялгаанд биш, харин хүний авьяас чадварт оршиж байх ёстой. Би сайн мэргэжилтэн хайж байгаа бол сайныг л олж авна. Надад түүний хүйс огтхон ч хамаагүй. Нэмж хэлэхэд загварын салбарт алдар нэр олсон гол нэрс дунд зөвхөн эрчүүдийн биш, мөн эмэгтэйчүүдийн нэр ч нэлээд бий. Тухайлбал Фиби Файло, Стелла МакКартни, Каролина Эррера, Миучча Прада, Вивьен Вествуд болон бусад гэх зэрэг олон гайхамшигтай бүсгүйчүүд байна. Гэхдээ загварын ертөнцөд эрчүүд илүү нөлөөтэй байдагт маргах зүйл үгүй ээ.



Уругвайн тухай дахиад жоохон ярьж өгөөч. Таны төрөлх улс танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Уругвайн хүн амын тоо ердөө л 3,5 сая. Энэ маш бага тоо тул манай улсад тоо хэмжээнээс илүү чанарт анхаарал хандуулдаг. Уругвайчууд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанарт өндөр шаардлага тавьдаг. Ерөнхийдөө энэ нь таатай цаг агаартай, тайван уур амьсгалтай Латин Америкийн нэгэн улс юм.

Та өөрийн Уругвай дах ферм дээр ирэхдээ юу хийдэг вэ? Морь унадаг уу?

Тийм шүү! Би төрснөөсөө эхлээд л морь унаж байна. Түүгээр ч барахгүй хэн надад анх морь унахыг зааж байсныг одоо хүртэл санадаггүй. Дугуй унахыг хэрхэн сурснаа санаж байгаа хэрнээ, морь унахыг огтхон ч үгүй. (Инээв). Манайд маш олон морь байдаг бөгөөд гэр бүлийн бүх эмэгтэйчүүд морь унахдаа гарамгай.

Та одоо Нью-Йорк хотод амьдарч байгаа. Энэ таны бодлоор Дэлхийн нийслэл хот хэвээр байгаа юу? Ихэнх хүмүүс Лондон руу илүү анхаарал хандуулах болсон.

Өнөө үед дэлхийг маш өргөн хүрээнд хүлээж авах хэрэгтэй. Олон янзын нийслэл хотууд бий. Бүгд ямар нэгэн зорилго, даалгаварт өөр өөрийнхөөрөө төгс тохирно. Бүгд өөрийн гэсэн хүчирхэг шинж чанартай. Би Нью-Йоркт хайртай. Энэ хот чөлөөтэй сонголт хийх боломж олгодог. Хэрвээ та хөдөлмөрч ба хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээдэг, мөн зорилгодоо төвлөрч чаддаг бол, энэ хотод өндөр амжилт олно. Энэ бол нээлттэй боломжуудын газар юм.

Gabriela Hearst, Fall/Winter 2015
Gabriela Hearst Resort 2016
Gabriela Hearst Resort 2016

Buro.Mongolia

2015-12-28, 10:00

  • Зураг: